ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /DW/. Германд байрлаж буй цэргийнхээ тоог бууруулах боломжийг АНУ судлан хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудлаар ойрын үед шийдвэр гаргана. Энэ тухай Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Ираны эсрэг цэргийн ажиллагааг шүүмжилсэн Германы канцлер Ф.Мерцийг буруушаасныхаа дараа Д.Трамп ийм пост оруулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч 2017-2021 онд буюу эхний бүрэн эрхийнхээ хугацаанд Герман дахь Америкийн цэргийн тоог цөөлнө гэдгээ мэдэгдэж байсан юм. Дөрөвдүгээр сарын дундуур гаргасан Пентагоны мэдээлэлд дурдсанаар, Европ тивд Америкийн 86 мянга орчим цэрэг байрлаж байгаагаас 39 мянга нь Германд байна.
Сануулан дурдахад, Ф.Мерц 27-ны өдөр Германы Марсберг хотын гимназийн сурагчидтай уулзаж үг хэлэхдээ, Ираны эсрэг дайны явцад АНУ-д тодорхой стратеги алга байна гэжээ. Түүнчлэн АНУ, Израил хоёр цэргийн ажиллагаагаа европчуудтай зөвлөлдөхгүйгээр явуулж эхэлсэн хэмээн шүүмжилсэн байна.
Үүний дараа Д.Трамп Германы канцлерыг шүүмжилж Truth Social нийгмийн сүлжээнд бичихдээ “Иран цөмийн зэвсэгтэй байх нь хэвийн зүйл гэж Ф.Мерц үзэж байх шиг байна, тэрбээр юу ярьж байгаагаа мэдэхгүй байна, хэрвээ Иран цөмийн зэвсэгтэй байсан бол дэлхий даяараа түүнд барьцаалагдах байлаа” гэжээ.
Харин гуравдугаар сарын эхээр Мерц Европын удирдагчдаас хамгийн түрүүнд Цагаан ордонд айлчлахдаа хоёр улсын байр суурь нэгдмэл байгааг онцолж байсан бол Трамп түүнийг “анд нөхөр, гайхалтай улс төрч” хэмээн магтаж байв.
Мөн өчигдөр Мерц хэлэхдээ, Трамптай тогтоосон хувийн харилцаа нь “өөрчлөгдөөгүй сайн хэвээр” байгааг дурджээ.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!