Оросын теннисчин Мирра Андреева Мадридад болж Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ тэмцээний хагас шигшээ тоглолтод АНУ-ын тамирчин Хейли Баптистыг хожсоноор финалд шалгарлаа.
Тэмцээний чансааны 9 дүгээрт бичигдсэн М.Андреева 30 дугаарт жагссан Баптистыг 6:4, 7:6 (10:8) харьцаагаар хожсон байна. Одоо Оросын тамирчин финалд Украины Марта Костюк /26/, Австрийн Анастасия Потапова нарын хожсонтой нь тоглоно.
Өдгөө 19 настай Андреева WTA-гийн чансааны 8 дугаарт бичигдэж байгаа бөгөөд тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 5 удаа түрүүлээд байна. Их дуулгын тэмцээнүүдэд гаргасан түүний хамгийн өндөр амжилт бол 2024 оны Францын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан явдал юм. Парисын Олимпын наадамд тэрбээр Диана Шнайдерын хамт дан хосын төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Харин 24 настай Х.Баптист дэлхийн чансааны 32 дугаарт бичигдэж байгаа бөгөөд WTA-гийн тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд одоогоор түрүүлээгүй байгаа юм. 2025 оны Ролан Гарросын тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарсан нь Их дуулгад түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт ажээ.
WTA 1 000 ангилалд багтдаг Мадридын тэмцээн шороон талбайд явагддаг. 8.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний өнгөрсөн оны аварга нь А.Соболенко юм. Оросын теннисчдээс Динара Сафина (2009), Мария Шарапова (2014) нар Мадридын тэмцээнд түрүүлж байв.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!