Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэн гадаадын хөрөнгө оруулагчдыг залилахыг завдсан бүлэг гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, TӨҮГ-ын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр хохироохоор завдсан ноцтой гэмт хэргийг ТЕГ-аас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Хэргийн талаар тодруулбал, дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор Монгол Улсын "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлджээ.
Уг хуурамч тогтоолд “Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрийн газар болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэл”-ийг өгсөн мэтээр бичсэн байжээ.
Үүгээр зогсохгүй Эрдэнэт ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна. Ингэхдээ тус ТӨҮГ-ын тамга, Ерөнхий захирал Г.Ёндонгийн гарын үсэг зэргийг мөн л хуурамчаар үйлдсэн аж.
Одоогоор хэрэгт холбогдогч этгээдүүдийг түр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!