Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа өнөөдөр /2026.11.18/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Мэнди Айсингийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тус улсын Бундестагийн гишүүн Мэнди Айсинг улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед цаг зав гарган хүлээн авч уулзсанд А.Ариунзаяа гишүүнд талархал илэрхийлээд, түүнд Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёркегийн мэндчилгээг уламжлав.

Мөн Монгол Улсад ажлын айлчлал хийж буй гол зорилго нь Бундестагийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийг сурталчлах, тэтгэлэгт хамрагдах залуусыг сонгон шалгаруулахад чиглэснийг тодотгов.
Тэрбээр, Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр дэлхийн 40 гаруй орны залуусыг хамруулдаг. Тэд Бундестагийн гишүүний туслахаар гурван сар ажиллахын зэрэгцээ Берлиний их сургуульд хоёр сар суралцдаг. Уг хөтөлбөрт хамрагдсан монгол залуус эх орондоо ирээд идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа, Монгол Улсын Засгийн газраас 1926 онд 35 монгол сурагчийг тус улсад суралцуулахаар илгээснээс эхлэлтэй хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой тохиож буйг дуулгаад, энэ цаг үед Бундестагийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ирээд буй тантай уулзаж байгаадаа талархаж байна гэв.

Монгол Улсын Их Хурал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестаг олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тус улсын ардчилал, парламентын засаглал, хууль эрх зүй, улмаар Бундестагийн дэгийг хүртэл сайтар судлан Монголын парламент холбогдох хууль, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн тусгахыг хичээж ирснийг дурдлаа. Иймд тус улсын Бундестагт гишүүний ажлын албанд гурван сар дадлага хийн улмаар парламент, Байнгын хорооны үйл ажиллагаатай гүнзгий танилцах нь завшаантай хэрэг гээд, энэ нь Улсын Их Хурлын түвшинд үйл ажиллагаагаа сайжруулахад маш том боломж хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн даргын хувьд цаашид уг хөтөлбөрт анхаарал хандуулан иргэд, олон нийтэд илүүтэй сурталчилж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна гэлээ.
Мөн энэ үеэр Улсын Их Хурлын С.Эрдэнэбат, Монголын залуучуудад тус улсын Бундестагт дадлага хийх, суралцах, боломж олгох чухал хөтөлбөр хэрэгжүүлэхээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн цаашид хоёр орны парламентын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа иргэдийн цалин хөлс, хөдөлмөр нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд туршлага судлах, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтойгоо байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!