Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 13.4 хувиар өсөж, инфляцын түвшин өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 10 сарын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, хяналт, шинжилгээ-үнэлгээний газрын дарга Н.Мөнхбаяр өнөөдөр танилцуулснаар, инфляцад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт хамгийн их нөлөөлсөн бөгөөд тус бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн байна. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 19.8, тээврийн бүлгийн үнэ 19.3, согтууруулах ундаа, тамхины үнэ 16.5 хувиар нэмэгджээ.
Түүнчлэн боловсролын үйлчилгээний үнэ 17.7, даатгал, санхүүгийн үйлчилгээ 17.1, хувцас, бөс бараа, гутлын үнэ 8.5, гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.7, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 6.9 хувиар өссөн байгааг дурдлаа. Харин орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 5.9, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний үнэ 8.4, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний үнэ 1.2 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарав.
Инфляцын түвшнийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзвэл барааны бүлгийн үнэ 14.3, үйлчилгээний бүлгийн үнэ 11.1 хувиар өссөн байна. Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2026 оны эхний 10 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, экспорт 45.3, импорт 16.3 хувиар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд экспорт 17.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 тэрбум ам.доллароор өсжээ. Экспортын өсөлтөд нүүрсний экспорт голлон нөлөөлсөн бөгөөд нүүрсний экспортын орлого 6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 50 хувиар нэмэгдсэн байна. Мөн зэсийн баяжмалын экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрч, 67 хувиар өсөв. Тэгвэл импорт 11 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 16.3 хувиар нэмэгдсэн байна.
Импортын өсөлтөд нефтийн бүтээгдэхүүний импорт голлон нөлөөлсөн аж. Тухайлбал, дизелийн түлшний импорт 74, шатахууных 25 хувиар өссөнийг тодотголоо. Харин суудлын авто машины импорт зургаа, ачааных импорт 10 хувиар буурсан байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!