Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны А/137 дугаар захирамжийн дагуу холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй буддын болон христийн шашны 16 байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт зохион байгууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хурлын Ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Татварын хэлтсийн төлөөлөл ажиллав.
Хяналт шалгалтаар Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэрэгжилт, байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дараах нийтлэг зөрчил, дутагдлыг илрүүллээ. Үүнд:
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй;
Ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт хангалтгүй;
Байгууллагын дүрэм, холбогдох баримт бичгийг шинэчлээгүй;
Галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй;
Хүүхэд хамгааллын бодлого боловсруулж, хэрэгжүүлээгүй зэрэг асуудлууд илэрсэн байна.
Ажлын хэсгээс илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр байгууллага тус бүрд мэргэжлийн зөвлөмж өгч, цаашид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хуулийн хэрэгжилтийг хангах, зөрчлийг арилгуулах, үйл ажиллагааны аюулгүй, хариуцлагатай байдлыг сайжруулах чиглэлээр ажиллахаар боллоо.
Хяналт шалгалтын зорилго нь шашны байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, иргэдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал болон байгууллагын хариуцлагыг сайжруулахад чиглэж байна.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!