Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг өнөөдөр /2026.11.19/ Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Ральф Аямар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Тэрбээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж байгаа билээ.

Уулзалтаар талууд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улс, Европын Холбооны Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов. Мөн ойн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Европын хөрөнгө оруулалтын банкнаас олгохоор төлөвлөж буй 100 сая евро хүртэлх хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг бодит төсөл, хөтөлбөр болгон хэрэгжүүлэх бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл, зохион байгуулалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар хөндөж ярилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг энэ үеэр ойн санг хамгаалах, төлөв байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ой бүрдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан менежментийг хэрэгжүүлэх, ойн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ойг экосистемийн хувьд хадгалан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ойн экосистемийн үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор парламент ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, Хууль батлах нь төрийн бодлогын зорилгыг хэрэгжүүлэх суурь нөхцөл боловч, тухайн хууль нь шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжих боломжтой, санхүүжилт болон институцийн чадавхаар хангагдсан байх шаардлагатай. Улмаар хуулийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, үр нөлөөг үнэлэн сайжруулж байх нь хууль тогтоох байгууллагын чухал үүрэг. Иймд ойн салбарын эрх зүйн шинэчлэл нь зөвхөн хууль батлах төдий бус, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, эдийн засгийн эргэлтэд оруулан үр ашигтай, бодит үр дүнд хүрэхэд чиглэж байгааг онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!