Улсын Их Хурлын Аялал жуулчлалын дэд хорооны хуралдаанаар өнөөдөр (2026.11.19) аялал жуулчлалын салбарын 2026 оны III улирлын тоон мэдээлэл, хөнгөлөлттэй зээлийн гүйцэтгэл, үр дүнгийн талаарх Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын мэдээллийг сонслоо.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулав.
Тэрбээр, аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас 2026 онд 250 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бүхий хүүгийн татаасыг баталсан. Уг зээлийг өнгөрсөн хавраас эхлэн 10 банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Эх үүсвэрийг банкуудад жигд хуваарилсан бөгөөд одоогоор 164 аж ахуйн нэгжид 148 тэрбум төгрөгийн зээл олгоод байна хэмээн танилцууллаа.

Олгосон зээлийн зориулалтаар авч үзвэл 50.8 хувийг нь буюу 75.05 тэрбум төгрөгийг зочид буудлын салбарт олгожээ. Жуулчны баазуудад 24.60 тэрбум, аялал жуулчлалын цогцолборт 35.05 тэрбум, замын түр буудаллах цэгүүдэд 12.08, авто тээврийн хэрэгслийг шинэчлэх зориулалтад 0.49 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Хөнгөлөлттэй зээлийн дийлэнх хэсгийг орон нутгийнхан авсан байна. Ирэх онд зээл олголтыг үргэлжлүүлэхээр улсын төсөвт 32.6 тэрбум төгрөгийг суулгуулахаар санал болгосон ч хасагдсан. Тиймээс 2027 онд өмнөх шигээ есөн чиглэлд бус цөөн чиглэлд буюу зам дагуух үйлчилгээний цогцолбор болон зочид буудал, жуулчны баазуудад 7 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно гэж Ж.Алдаржавхлан сайд илтгэв. Тус салбарт хэрэгжүүлсэн санхүүгийн дэмжлэгтэй холбоотой асуудал үүссэн талаар мөн хөндсөн юм. Зээлийн хэрэгжилтээс улбаалан цаашид нэг аж ахуйн нэгжид зээлийг давхардуулан олгохгүй байх, орон нутагт түлхүү олгох, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, хөрөнгө оруулалт шаардлагатай зээлийн зориулалтыг оновчтой сонгох шаардлагатай гэдгийг сайд онцоллоо. Мөн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр зээлийн шаардлагыг тохируулан нарийвчлан тодорхойлох нь чухал гэлээ.

Үргэлжлүүлэн аялал жуулчлалын салбарын 2026 оны III улирлын тоон мэдээллийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлал, бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг илтгэв. Засгийн газрын 34 дүгээр хуралдааны шийдвэрийн дагуу өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг арга хэмжээ авсны үр дүнд 2026 онд нэг сая жуулчин авна гэсэн зорилт дэвшүүлсэн, энэ үзүүлэлтэд хүрэхэд тун дөхсөн хэмээв.


Улсын хэмжээнд аялал жуулчлалын 17 бүсийг тогтоож, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор төлөвлөн ажиллаж байгааг илтгэлээ.
Энэ оны эхний дөрвөн сард Монгол Улсад 292,063 жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувь өсжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Батболд, бодлогын уялдааг хангах чухал талаар тодруулж, үг хэлэв. Зээл олголттой холбоотой гомдлын мөрөөр тус яамнаас Монголбанктай хамтран банкуудад шалгалт хийсэн, эхний зээл олголтыг банкуудад бүрэн хариуцуулсан нь алдаа гарах шалтгаан болсон, тиймээс ирэх онд газар зүйн байршлаар бүсчилсэн байдлаар хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөсөн гэж Ж.Алдаржавхлан сайд хариуллаа.

УИХ-ын дэд хорооны хуралдаанд салбарынхаа тулгамдсан асуудлыг үнэн мөнөөр нь тайлагнаж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, парламентын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандсанд талархаж буйгаа УИХ-ын гишүүн, Аялал жуулчлалын дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл илэрхийлэхийн зэрэгцээ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан сайн ажиллаж байгаа хэмээн дүгнэж, бодлогын түвшинд хэрэгжүүлэх асуудлуудаар санал гаргах, хандахад нээлттэй хүлээн авна гэсэн юм.
Сайдын мэдээллийг сонссоноор дэд хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!