"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга, холбогдох бусад хүмүүс мэдээлэл өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн үед Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийж байна. Монгол Улсын хил халдашгүй дархан байна. Газрын хуулийн 16, 17 дугаар зүйлд Хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчим нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсан УИХ-ын тогтоолын баталсныг мушгиулан гуйвуулан тайлбарлаж байна.
Улсын мэдэлд авна гэдэг нь хил орчмын бүс нутагт зөвшөөрөлгүй газар эзэмшүүлэх, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн. Мөн хилийн халдашгүй дархан байдлыг хангахтай шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэн УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд улсны хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь төрийн мэдэлд авч, аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэхийг зогсоосон. Үүнээс өөрөөр улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдах ямарваа нэгэн эрх зүйн акт үйлдэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.