УИХ-ын гишүүн С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:
-Маргааш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өндөржүүлсэн бэлэн байдалд хэрхэн ажиллаж байгаа талаар сонсгол авах гэж байна. Нийслэлийн онцгой комисс дүүргүүдэд өндөр шаардлага тавьж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед анхан шатны нэгжүүдэд ажиллаж байгаа дарга нарыг ажлаас нь халж байгаа учраас Баянгол дүүрэгт халдварын тоо буурахгүй нэмэгдсээр байна. Тиймээс НИТХ-д Ардчилсан намыг төлөөлж сууж байгаа болон бусад нам эвслүүдтэй хамтарч нийслэлийн Засаг даргыг хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгөөч гэсэн шаардлага тавьсан. Маргааш болох хурлаараа мэдээлэл сонсоно.
Монгол Улсад цар тахлаас гадна эдийн засаг хүндэрч байна. Хороодын Засаг дарга нарыг хомроглон халж байгаа нь эдийн засагт нөлөөлж байгаа. Цар тахлын үед ямар ч хүнийг ажлаас нь халж болохгүй гэсэн хууль бий. Хуулиндаа захирагдаж ажиллах шаардлага хүргүүлсэн.