УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжлээ.
Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн танилцуулгадаа "Төсөв тэлж байгаагийн хэрээр төсвийн бодлогыг дэмждэг хамгийн гол суваг нь цалин, тэтгэвэр тэтгэмж, халамж л байдаг. Ирэх жилийн төсвийн нэмэгдэл нийтдээ 4.9 их наяд төгрөг байгаагийн 3.4 их наяд төгрөг нь энэ оны хагас жилээр хийсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл юм. Үүнийг бүтэн жилээр тооцохоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна" хэмээн онцолж байлаа.
Мөн уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлтийн нөлөөгөөр 2024 оны батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэлд 6.5 хувьтай тусгагдаж байсан эдийн засаг өсөлт 7 хувьд хүрч, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөг байхаар төсөөлж байгааг Сангийн сайд онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд уул уурхайн экспортын орлого, цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар тодруулахын зэрэгцээ ард иргэд рүү түлхүү чиглэсэн төсвийн бодлого боловсруулах шаардлагатайг хэлж байлаа.