Израил улсын Ерөнхийлөгч Ицхак Герцог Батлан хамгаалахын армийн Ерөнхий штабын дарга асан, сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкотод шинэ Засгийн газраа бүрдүүлэхийг албан ёсоор үүрэг болгожээ.
Ингэснээр Гади Айзенкот 10 дугаар сард болсон сонгуулийн дүнгээр парламент дахь олонхын суудлаа алдсан барууны эвслийн тэргүүн, Биньямин Нетаньяху-ийн оронд Ерөнхий сайдын суудалд очих боломжтой болох юм.
Сөрөг хүчний "Яшар" намыг тэргүүлсэн Гади Айзенкот сонгуулиар 120 суудалт Кнессет /парламент/-ийн 67 гишүүний дэмжлэг авсан бол Нетаньяхугийн төлөө 46 гишүүн саналаа өгсөн аж.
Мандат гардуулах ёслолын ажиллагааны үеэр Израил улсын Ерөнхийлөгч Ицхак Герцог "урт хугацаанд ажиллах чадвартай тогтвортой засгийн газар байгуулах", эв нэгдэлтэй байхыг уриалсан байна.
Гади Айзенкот үг хэлэхдээ Израил улс бэрх үеийг туулж байгааг онцлоод, олон улсын харилцаа "хямралд орж", ардчилал хамгийн ноцтой сорилттой тулгарч байгааг цохон тэмдэглэжээ. Тиймээс энэ байдлаараа цааш үргэлжилвэл буцах замгүй болно гэж гэж Гади Айзенкот онцлоод, хүмүүс итгэж болох шинэ удирдлагыг бий болгоно хэмээсэн байна.
Түүнчлэн Кнессетийн гишүүдийн олонхын дэмжлэг авсан шинэ засгийн газар бүрдүүлэх бүрэн боломжтой, мөн шинэ засгийн газрын бүрэлдэхүүндээ Ерөнхий сайд Биньямин Нетаньяху-ийн "Ликуд" нам, Сангийн сайд Бецалель Смотрич-ийн хэт барууны намаас төлөөлөл оруулахад бэлэн гэж мэдэгджээ.
Гади Айзенкот 28 өдрийн хугацаанд шинэ засгийн газраа байгуулах ёстой. Энэ хугацаанд танхимаа бүрдүүлж амжихгүй бол дахин 14 хоног сунгах боломжтой байдаг аж. Шинэ танхим тангараг өргөх хүртэл Биньямин Нетаньяху өнөөгийн Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэн хаах юм байна.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!