УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг бөгөөд нэг удаа улираан ажиллуулж болдог. Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан эрх баригч МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаараа тэднийг улируулах, шинээр сонгох эсэхийг хэлэлцсэн юм. Улмаар өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарыг улираан ажиллуулахаар болсон. Харин Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Г.Ганболдыг шинээр сонгосон юм.
Энэ долоо хоногт дөрвөн Байнгын хорооны даргыг улираах, шинээр сонгох эсэхийг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад Б.Баярсайханыг гишүүнийг нэр дэвшүүлжээ. Байнгын хорооны гишүүд нь ч уг саналыг дэмжлээ.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэг гишүүн ажиллаж байсан юм.