УИХ-ын дарга Г.Занданшатар “МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” сэдвээр УИХ-ын гишүүд болон эрдэмтэн, судлаачид оролцсон уулзалтыг зохион байгуулжээ. УИХ-ын дарга өнөөдрийн уулзалтад “Мөнх-шинэ хөдөөгийн сэргэлт” сэдэвт илтгэл тавьж, өнгөрсөн 30 жилийн эдийн засгийн өөрчлөлт, дүгнэлттэй уялдуулан хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц, гаргалгааг танилцуулсан байна.
Тэрээр “Монгол Улсын 305.1 мянган малчин 110.6 сая га бэлчээрт 71.1 сая толгой мал маллаж байна. Манай улсын нийт ажиллагсдын 49.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. 1990 онд 26 сая малтай байсан бол 2022 онд 71.2 сая толгой малтай болсон. Гэвч малын тоо толгой өсөхийн хэрээр түүний ашиг шим буурч байна. Тухайлбал, хонины амьдын жин 1-2, үхрийн амьдын жин 30 кг тус тус буурснаас гадна сүүний болон махны гарц олон улсын төвшинтэй харьцуулахад эрс буурсан судалгаа бий. Манай орны нийт газар нутгийн 64 хувь нь талхлагдсан, 13 хувь цөлжсөн. Малын үржүүлгийн төлөвлөлт алдагдаж, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээ эрс буурсан зэргээс гадна малчдын нийгмийн асуудал болон залгамж халааг бэлтгэх бодлого алдагдсан" гэжээ.