Монгол Улсын Их Хурлын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа Өмнөговь аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхбат болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт Даланзадгад суман дахь хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээнд дурсгалыг хүндэтгэх гэрэлт хөшөө нь аймгийн Маанийн хийдийн урд талд байсныг 2023 оны 09 сард нүүлгэн шилжүүлж, Гурвансайхан хорооллын урд талын мод үржүүлгийн талбайд шинээр сэргээн засварлан байрлуулж байгаа бөгөөд энэ хавар тохижилтын ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгхөөр ажиллаж байна. Мөн хөшөөг шинээр нүүлгэн шилжүүлэхдээ хөшөөний хоёр талын багананд хэлмэгдсэн иргэдийн нэрсийг бичиж байрлуулсан юм.