Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Монголбанкнаас хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, арилжааны банкууд, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов. Шинэ хууль эрх зүйн орчин бүрдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, санхүүгийн тогтолцооны тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 45 дугаар захирамжаар орон сууцжуулах бодлогын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдаж, уг ажлын хэсэг Орон сууцжуулалтын тухай болон Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төслийг боловсруулаад байна.
Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл нь орон сууцны санхүүжилтийн урт хугацааны, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, энэхүү үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа, зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгох зорилготой.
Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл нь орон сууцны нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй иргэдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлоход чиглэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн төслүүдийн агуулга, хэрэгжилтийн механизм, салбарын бодлого болон зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулах асуудлаар санал, зөвлөмжөө илэрхийллээ. Хуулийн төсөл боловсруулагчдын зүгээс хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган төслүүдийг сайжруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!