Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай зөвлөлдөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” боллоо.
Хувийн хэвшлийн 150 орчим төлөөллийг хамруулсан тус уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсаас COP17 хурлын хүрээнд дэвшүүлж буй санаачилга, бизнесийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааны боломж, тулгамдаж буй асуудал, хандив, тусламж, ивээн тэтгэх үйл ажиллагаатай холбоотой журам, зохицуулалтыг танилцуулав. Тус бага хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэх, тогтвортой түншлэлийг бий болгох чиглэлээр оролцогчдын саналыг сонсож, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв. СОР17 бага хурлыг хувийн хэвшлийнхэн дэмжих хандив, тусламжийг төвлөрүүлэх, зарцуулах түр журмыг СОР17 Үндэсний хорооны Ажлын албанаас танилцуулж, тулгамдсан асуудлын талаар панел хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Уулзалтыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нар нээж хэлсэн үгэндээ хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл хэрэгт чухал үүрэгтэйг онцоллоо. БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир СОР17 хурлын үеэр Монгол Улсаас дэвшүүлж буй санаачилга, тэдгээрийн боломж, бэлтгэл, тулгамдаж буй асуудлыг танилцуулав. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх М.Сарандаваа танхимын гишүүдийн оролцох боломжуудын тухай мэдээлсэн бөгөөд талууд хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр нэгдсэн ойлголтод хүрчээ.
Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах COP17 бага хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, газрыг нөхөн сэргээх, тогтвортой газрын менежмент, уян хатан байдлыг бий болгох шийдлийг хэлэлцэх юм. Энэ нь нь дэлхий нийтээрээ газрын доройтол болон уур амьсгалын сорилтуудын эсрэг нэгдэхэд чухал хувь нэмэр оруулж, хүн төрөлхтөнд тогтвортой, тэсвэртэй ирээдүйг цогцлоох үйлсэд Монгол Улсын оролцоо, манлайллыг харуулах ач холбогдолтой. Тус хуралд 197 улс орны төр засгийн тэргүүн, сайд нараас гадна олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 8000 гаруй төлөөлөгч оролцох ажээ.
Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хэлэлцэх асуудал, дэвшүүлэх зорилт, хүрэх үр дүнтэй уялдаж байгаа юм.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!