Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан болон КОЙКА-гийн дэд суурин төлөөлөгч Жон Ин Ён нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
ХЗДХЯ-ны мэдээлснээр, уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан КОЙКА нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хөгжлийн түнш байгууллага гэдгийг онцолж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Уулзалтаар талууд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай Монгол Улсад “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх” чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, туршлага солилцох, боловсон хүчнийг бэлтгэх, шүүх шинжилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар харилцан санал солилцов.
Энэ үеэр БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Суурин төлөөлөгч Жо Хэн-Лан Хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулаад 31 жил болж байгаа юм. Боловсрол, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!