Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барих гэж байгаа. Хуулийг төслийг баталснаар эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах өргөн боломж бүрдэж байгааг АҮУБ-ийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац (КОМИР)-ын Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын захирал Бан Сон Бэкийг хүлээн авч уулзах үеэрээ онцлов.
Бан Сон Бэк “Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв” төслийн хэрэгжилт, удирдах зөвлөлийн хуралдааныг 10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэж байгааг дурдаад, тус байгууллага нь АМГТГ-тай мэргэжилтэн судлаачийг богино хугацааны сургалтад хамруулах, мэдээлэл солилцох, ур чадавхийг дээшлүүлэхэд анхаардгийг онцлов. Тэрбээр өнгөрсөн хугацаанд монголын уул уурхайн чиглэлээр 54 төсөл хэрэгжүүлсэн ч хоёр орны эрдэс баялгийн салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийллээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Монгол Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа тэмдэглээд, цаашид уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, оюутан сургах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн судалгаа явуулах зэргээр цар хүрээгээ өргөжүүлэх, төсөл хөтөлбөрийн тоог нэмэхэд санаачилгатай ажиллахыг хүсэв.
Мөн Монгол, Солонгосын ховор металлын хамтарсан хорооны хуралдааныг ойрын хугацаанд хийх, “Уул уурхайн долоо хоног-2026” үйл ажиллагаанд БНСУ-ын Үйлдвэр, худалдааны сайдыг урьж оролцуулах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Эхсурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!