Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Өсвөр үеийнхний дунд болсон тус уралдаанд 5-16 насны 170 орчим хүүхэд оролцож, гоцлол болон олон хоолойн төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Өвөрхангай нутгаас төрөн гарсан 200 гаруй гавьяатын отгон нь болох ардын дууч С.Нэргүй саяхан хүртсэн эрхэм дээд цол, шагналаа төрөлх нутагтаа өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсээрээ ийнхүү мялааж буйгаа онцоллоо. Тэрбээр “Ардын дуу бол мартаж болохгүй үнэт өв соёл юм. Сүүлийн жилүүдэд энэ төрлөөр дуулах нь цөөрч байгаа тул төв халхын ардын дууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилгоор төрөлх нутагтаа анх удаа энэхүү уралдааныг зохион байгууллаа” хэмээв.

Уралдааны цэцэрлэгийн насны ангилалд Арвайхээр сумын III цэцэрлэгийн оролцогч А.Эгшиглэн, бага насны ангилалд Есөнзүйл сумаас оролцогч Э.Одмаа, дунд насны ангилалд мөн Есөнзүйл сумаас оролцогч Д.Отгонзаяа, ахлах буюу 14-17 насны ангилалд Арвайхээр сумын I сургуулийн сурагч Г.Отгонжаргал нар тус тус тэргүүн байр эзэлжээ.
Харин Гран при шагналыг Политехникийн коллежийн сурагч Ш.Баттогтох хүртсэн байна. Мөн хамтлаг дууны төрөлд Арвайхээр сумын I сургуулийн “Инээмсэглэл 4”, “Инээмсэглэл 5” хамтлаг шалгарчээ.
Ардын богино дуу дуулаачдын анхдугаар уралдааны шүүгчээр Ардын жүжигчин Ц.Үенч, Гавьяат багш С.Ганчимэг, аймгийн Хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал нар ажилласан байна.
Тус уралдаан нь төв халхын ардын дууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, үндэсний урлагийн залгамж халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болсныг аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав онцоллоо.

Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!