Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага (ДЭЗЧУБ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Алаис Цвинггитэй /2026.06.24/ уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улс дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах, зорилт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус байгууллагын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээв.
Мөн Геополитикийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж буй өнөө үед олон улсын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү ач холбогдолтой болж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд ДЭЗЧУБ нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын яриа хэлэлцээг дэмжсэн чухал платформ болж байгааг тодотгосон юм.

Инновац, дижитал шилжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал. Хиймэл оюун ухаан, цахим худалдаа, финтек, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар нь хөгжиж буй орнуудын хувьд өсөлтийн шинэ боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд ДЭЗЧУБ-тай инновац, ногоон хөгжил, ашигт малтмал, эрчим хүчний шилжилт, худалдааг хөнгөвчлөх, дижитал эдийн засгийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. COP17-ийн хүрээнд ДЭЗЧУБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад ач холбогдол өгч байгааг онцлов.
Талуудын хамтран зохион байгуулах “YGL Learning Journey Mongolia 2026” арга хэмжээ ирэх наймдугаар сарын 3-7-нд Монгол Улсад болно.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!