Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” асуудлын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид 2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, ач холбогдол, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нарийвчлан тооцох, нэн шаардлагатай төслүүдийг эрэмбэлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн ажил эрхлэлт, орлого, боловсрол, эрүүл мэнд, инженерийн дэд бүтцийн асуудлыг бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөх шаардлагатай гэж үзэв.
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Батцогт нийслэлээс, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 2027 онд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар тодрууллаа. Үүнд, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, аялал жуулчлалын тусгай бүс байгуулах байршил, орон зайг бий болгохоор ажиллаж байгааг мэдээлэв.
Төлөөлөгч Б.Мягмар Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны 30 гаруй мянган иргэний ундны усны чанартай холбоотой асуудлыг хөндөж, олон жил үргэлжилж буй зэвтэй усны асуудлыг 2027 онд шийдвэрлэх боломжийн талаар асуув. Холбогдох албаныхан уг асуудлыг 2027 оны төлөвлөгөөнд тусгаагүй ч шаардлагатай зураг төсөв, тооцоо судалгааг боловсруулж, төсөл, хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх боломжийг судална гэв. Харин төлөөлөгч Ж.Энхжаргалан хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг ямар шалгуураар эрэмбэлсэн талаар тодруулж, зайлшгүй хэрэгжүүлэх болон хойшлуулах боломжтой арга хэмжээг ялган, хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ, үр өгөөжид нь нийцүүлэн төлөвлөх шаардлагатайг хэллээ.