Чингис хаан Үндэсний музей нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч, Монголынхоо үзэгчдэд хүргэсээр ирсэн төдийгүй, олон улсын музей, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлсээр ирлээ.
Энэ удаад тус музей нь Италийн Ром хотын “Боргезе” галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олон нийтэд зориулан дэлгэхээр болж, өнөөдөр Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун, Италийн Боргезе галерейн захирал, профессор Франческа Каппеллетти, Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, музейн куратор Ж.Дархижав нар үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл өглөө.
Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт мастер Рафаэл Сантигийн алдарт “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Нептун”-ыг онцлон толилуулна.
Энэхүү алдарт бүтээл нь хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, хурц сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгддэг, хоёр өөр эрин үеийн бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг үзэгчдэдээ олгож буйгаараа онцлогтой.
Мэдээллийн үеэр Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун хэлэхдээ манай музей энэ жил “Занабазар: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг Бүгд Найрамдах Итали улсын Ром, Турин хотуудад гаргасан. XVII зууны Италийн уран баримал, архитектурын хөгжилд Жиан Лоренцо Бернини томоохон нөлөөг үзүүлсэн. Бернини бол манай Занабазартай нэг цаг үеийнх. Өөрөөр хэлбэл, Өрнө дахинд уран баримал сонгодог урлаг хөгжиж байсан, тэр үед Дорно дахинд бас Занабазар өөрийнхөө шилдэг бүтээлийг туурвиж байсныг харуулж байгаа юм. Энэхүү хоёр сонгодог бүтээл нь Монголд, тэр тусмаа Азид анх удаагаа заларч байна. Чингис хаан Үндэсний музей байгуулагдсанаар дэлхийн соёл, урлагийн сонгодог бүтээлүүдийг эх орондоо, эхээр нь үзэх боломж нээгдэж байгаа нь манай музей дэлхийн музейн стандартын шаардлагыг бүрэн хангаж, үйл ажиллагаа эрхэлж байгааг нотолж буй” гэдгийг тодотгов.
Чингис хаан Үндэсний музейгээс “Чингис хаан:Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” тусгай үзэсгэлэнг Франц, Итали, Швейцар, Чех, Англид гаргаж, удахгүй ирэх 10 сард Германд нээх гэж байна.Энэхүү тусгай үзэсгэлэн дэлхийд хамгийн идэвхтэй явагдаж байгаа үзэсгэлэнгийн нэг. Манай музейн урилгыг хүлээн авч, Монголд авчрах боломжийг олгосон Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти, мөн бидний ажлыг дэмжиж ажилласан Элчин сайд Жованни Пиккарета нарт талархлаа илэрхийллээ.
Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти хэлэхдээ,бидний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж өөрсдийн уран бүтээлчдийнхээ бүтээлээс хуваалцаж байгаад таатай байна. Галлерейн зүгээс бол Бернинигийн 'Нептун' болон Рафаэлийн эх хувийг, эх зургийн хамт оролцож байгаа нь дэлхийн уран бүтээлийг Монголд хөгжүүлэх боломжийг олгож байгаад талархалтай байна” гэв.
Элчин сайд Жованна Пиккаррета хэлэхдээ тусгай үзэсгэлэн гаргаж байгаа нь алсын хараатай үйл ажиллагаа Италийн урлагийн агуу бүтээлүүдийг Монголын үзэгчдэд танилцуулах боломж нээсэн Чингис хаан музейн захирал С.Чулуун, Боргезе галерейн захирал Франческа Каппеллеттид танд талархал илэрхийлье. Энэхүү бүтээлийг Монголд авчирч танилцуулж байгаа нь соёлын харилцааг урлагаар дамжуулан өргөжүүлж байна гэдгийг хэллээ.
Үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд нэг сарын хугацаанд дэлгэгдэх бөгөөд, өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн боловсролыг олгохын зэрэгцээ хоёр бүтээлийн түүх, уран сайхны онцлог, утга санааг гүнзгий танин мэдэхэд зориулсан катологи, мерчендайзингийн бүтээгдэхүүн шинээр гарган өргөн барьж буй.
Ийнхүү дэлхийн урлагийн сор бүтээлүүдийг эх нутагтаа авчирч олон улсын тусгай үзэсгэлэн зохион байгуулахад дээд зэргийн зохион байгуулалтаас гадна өндөр зардал шаардагддаг (Тухайлбал: даатгал, тээвэрлэлт, стандартын сав баглаа боодол, задлах, баглах, үзмэрт тавьсан шаардлагын дагуу хорго, танхим, чийг дулааныг хянах дагалдах хэрэгсэл). Чингис хаан Үндэсний музей нь олон улсын музейн стандарт шаардлагуудыг бүрэн хангаж, олон нийтийн соёл, урлагийн боловсрол, танин мэдэхүйд зориулсан тусгай үзэсгэлэнг дэглэн үзүүлж Монголчуудынхаа мэлмийг баясгахад зориулж тасалбарын үнэ 20 мянган төгрөг байх бөгөөд, ирэх лхагва гараг буюу 9 сарын 30-ны 11:40 цагт нээлтээ хийнэ.
Дашрамд сонирхуулахад, Италийн Ром хотод байрлалтай Боргезе галерей нь Италид очоод заавал үзэх ёстой музейдийн 3-т ордог байна. Барилга нь анх 1605-1621оны хооронд Кардинал Боргезе Шипионе гэх хүний хувийн зориулалтаар баригдсан уран барилга юм.
Уг музейд дэлхийд алдартай Caravaggio, Bernini, Canova, Raphael and Titian зэрэг уран бүтээлчдийн бүтээлээс гадна Сэргэн мандалтын үеэс Барокко, Неоклассизмын үеийн бүтээлүүд байдаг. Боргезе галерейн сан хөмрөгт Барокко урлагийн үеийн уран баримлын нэрт төлөөлөгч Жиан Лоренцо Бернини (1598-1680) уран бүтээлүүд дийлэнх хэсгийг нь эзэлдэг. Бернини нь Ромын V Пап лам Паул-ын дүү болох Кардинал Шипионе Боргезегийн ивээл дор том хэмжээтэй уран баримлын бүтээлүүдээ анх урлан бүтээж эхэлж байсан түүхтэй ба эдгээр бүтээлүүд нь одоог хүртэл Боргезе галерейд хадгалагдан үлдсэн байдаг.
Эх сурвалж: chinggismuseum.com
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!