Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.02) нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 77 гишүүн хүрэлцэн ирснээр 61 хувийн ирцтэйгээр эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр товлов. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн нарын 30 гишүүн боловсруулж, 9 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд хуваарилсныг нэгдсэн хуралдаанд мэдээллээ.

Жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад залуу нас мэдлэг ур чадвараа зориулсан ахмадуудад Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нийт гишүүдийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүллээ. “Та бүгдийн мэдлэг, боловсрол, чадвар туршлага Монголын өнөө цагийн хөгжил дэвшлийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Ахмадууд Та бүгдээсээ бид суралцаж, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хичээж, зүтгэж ажиллаж байна. Улсын Их Хурал энэ намрын чуулганаар улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцэх хүрээндээ ахмадуудынхаа тэтгэврийг энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Түүнчлэн Улсын Их Хурлаас тэтгэвэрт гарсан ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд боловсрол, эрүүл мэнд тэргүүтэй хүний нөөцийн дутагдалтай байгаа салбарт ажиллах бололцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг шийдвэрлэсэн. Тэтгэврээ аваад, дээрээс нь мэргэжлийн чиглэлээр ажилласан хөдөлмөрийн хөлс, цалингаа авах боломж нээгдсэн. Цаашдаа ахмадуудын ажил хөдөлмөр эрхлээд авсан цалингаас нь нийгмийн даатгалын шимтгэл авахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг энэ ташрамд ахмадуудадаа дуулгахад таатай байна” хэмээсэн.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!