Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг П.Сайнзориг гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Дээрх төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо, бусад Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 22, 23, 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлт гарган Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд ирүүлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гараагүй хэмээн санал, дүгнэлтэд дурдсаныг П.Сайнзориг гишүүн танилцуулсан юм.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ.
Хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах буюу ердийн журмаар хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй 1 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь буюу олонх дэмжсэн гэв.
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Дав.Цогтбаатар, А.Ариунзаяа, Х.Тэмүүжин, Ц.Туваан, Ө.Шижир, Ч.Лодойсамбуу, С.Ганбаатар нар асуулт асууж, Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тайлбар авсан. Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 20.00 цагт явуулахаар боллоо.

Дараа нь Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаар гаргасан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй байна.

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Дам.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг Хууль зүйн байнгын хорооны тус өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн байна. Иймд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, “Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулах талаар Б.Баярбаатар гишүүн танилцууллаа. Холбогдох санал хураалтыг хойшлуулахаар хуралдаан даргалагч шийдвэрлэсэн.

Ийнхүү Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэх үеэр санал хураалт явуулахаар товлосон цаг болсон тул төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т “Байнгын хороо энэ хуулийн 39.25-д заасан үндэслэлээр хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасныг С.Бямбацогт дарга танилцуулсан. Ингээд төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулаад, тодорхой асуудлын хүрээнд хуулийн төслүүдийг 3 дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд буцаахаар шийдвэрлэсэн.


Үргэлжлүүлэн Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахын өмнө ажлын хэсгээс уг саналыг татаж авч буйгаа Н.Наранбаатар гишүүн мэдэгдэв. Иймд төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!