УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлд ямар зохицуулалт хуульд орсон талаар асуув.
Түүний асуултад хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Малчдад сайн дэмжлэг үзүүлэх хууль болж байгаа. Тэд өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа мах, сүүг органик гэдэг баталгаажуулалттай бэлтгэвэл гадаадад илүү өндөр үнээр экспортлох боломж бүрдэж байгаа.
Олон дэмжлэгийг оруулж байна. Хүн амын орлогын албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувь, төрийн худалдан авалт хийвэл давуу эрх олгох талаар тусгасан. Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрт органик хүнсийг дэмжиж хэрэглэх чиглэлийн хөшүүрэг бий. Мөн салбарын яам органик бүтээгдэхүүнийг илүү сурталчлах, олон улсын үзэсгэлэнд тухайн үйлдвэрлэгчдийг оролцуулах, экспортлоход баталгаажуулалтын процессыг хүлээн зөвшөөрүүлэх гэх мэтчилэн үүргийг өгч байгаа.
Өнөөдрийн байдлаар Монголд Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлж буй хоёрхон мэргэжилтэн яаманд ажилладаг. Энэ чиглэлээр ажиллаж буй өөр хүн байхгүй. Гэтэл бид эрүүл хүнс хэрэглэдэг гэж ярьдаг ч бүрэн баталгаажуулаагүй. Малд хэрэглэж байгаа вакцин, эм хүртэл чанарын шаардлага хангахгүй байгаагаас болж органик хүнсээ хүлээн зөвшөөрүүлж, үнэтэй зарж чадахгүй байгаа юм. Энэ хууль хэрэгжсэнээр малчид мах, сүүгээ илүү өндөр үнээр борлуулах боломж бүрдэнэ" гэдгийг хэллээ.