Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяатай орон нутгийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Манай улс төдийгүй дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрсэн. Тэгэхээр энэ онд Сэлэнгэ аймгийн хувьд эдийн засгийн сууриа хадгалж үлдэхийн тулд ямар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна вэ?
- Ковид-19 цар тахал дэлхийн эдийн засагт маш хүчтэй нөлөө үзүүлж байгаа бөгөөд хүн төрөлхтний амьдралын хэмнэлд ч маш хүчтэй нөлөөгөө үзүүлж байна. Монгол улсын хувьд ч цар тахлын нөлөөг чамгүй амсаж яваа. 2020 оны 11 сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого 9 их наяд төгрөг буюу 93.6 хувийн гүйцэтгэлтэй. 622 тэрбум төгрөгийн орлого тасарч байна. Аймгийн хувьд урьдчилсан байдлаар 2020 оны төсвийн нийт орлого 30 тэрбум төгрөг буюу 101 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Үүнээс аймгийн төсвийн орлого 17.4 тэрбум төгрөг буюу 84.5 хувийн гүйцэтгэлтэй, сумдын төсвийн орлого 12.6 тэрбум төгрөг буюу 141.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Сэлэнгэ түмнийг байгаль эх дэлхийн үр өгөөж тэтгэж, нутгийн байгалийн баялаг маань энэ цар тахлын хүнд үед ихээхэн дэмжлэг боллоо. Хуш модны самрын ургалт энэ жил маш сайн байж төсвийн орлогод томоохон нөлөө үзүүлсэн. Аймгийн төсвийн орлого тасарсан гол шалтгаан нь өнгөрсөн оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсөнтэй холбоотой. Ковидын эдийн засагт үзүүлэх нөлөө тэр тусмаа хувийн хэвшлийн байгууллагын нуруунд ирэх ачааллыг багасгах зорилготой энэ татварын чөлөөлөлтийг үзүүлсэн.
Сэлэнгэчүүд маань Ковид цар тахлыг түргэн хугацаанд хумиж, халдваргүй бүс болгож чадсан. Үүнийг дагаад эдийн засгийн бага хохирол амсаж 2020 оныг үдлээ. Ирэх онд Монгол улсын Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, Ковид-19 цар тахлын бүхий л салбарт үзүүлэх нөлөөг багасгах арга хэмжээний зорилго, зорилтыг аймаг бүрэн хэрэгжүүлж ажиллана. Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн салбартаа түлхүү анхаарч, тариалалт, өрхийн хүнсний ногоо тариалалтыг энэ хаврын улиралд маш сайн дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа.
-Сэлэнгэ аймаг улсын төсөвт жилд хэдэн төгрөгийн орлого оруулж байна. Өнгөрсөн онд төлөвлөгөөт хэмжээнд хүрсэн үү. Энэ онд ямар байх бол?
-Төсвийн тухай хуулийн дагуу бид бүхэн улсад 4 төрлийн татварын орлогыг төвлөрүүлдэг. 2020 онд нийт 2.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 107.8 хувийн гүйцэтгэлтэйгээр биелүүлэн ажилласан. Задлаж танилцуулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 828.5 сая төгрөг буюу 110.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварт 1.4 тэрбум төгрөг буюу 84.8 хувь, агаарын бохирдлын төлбөрт 85.7 сая төгрөг буюу 231.7 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 326.5 сая төгрөг тус тус төвлөрүүлсэн байна. Ковид-19 цар тахлын нөлөө маш их байсан ч татварын бүхий л нөөц бололцоог дайчлан ажилласан. Энэ 2021 онд Сэлэнгэ аймаг маань 3 тэрбум 180.7 сая төгрөгийн татварын орлогыг улсын төсөвтөө төвлөрүүлэх үүрэг даалгавар авсан байгаа.
-Алтанбулаг боомт манай улсын гадаад худалдааны гол цэгийн нэг. Ийм ч учраас улсын нүүр царай болж байдаг. Энэ боомтын хөгжил, ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Сэлэнгэ аймгийн маань зарим аймгуудаас ялгагдах гол давуу тал нь хойд хөрштэй хил залгаа оршиж хойд хилийн Алтанбулаг боомтоор дамжуулан Монгол Улсынхаа гадаад худалдааны үүд хаалга болж ажилладгаараа онцлогтой. Энэ ч утгаар Алтанбулаг боомтын үйл ажиллагааг 24 цагийн туршид нээлттэй ажиллуулдаг болоод нэлээд хугацааг өнгөрөөсөн байна. Боомтын ирээдүйн хөгжлийн төлөвлөлт хийгдэж гүйцэтгэлийн ажил явагдаж байгаа. Монгол улсын Засгийн газраас Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байна. Алтанбулаг боомтод 37 барилга байгууламжийг барьж шинэчилж байгаагаас ачаа, зорчигчийн урсгал хамт нэг боомтоор явдаг байдлыг өөрчлөн зохион байгуулж, ачаа тээвэр, зорчигчийн хэсгийг тус тусад нь зохион байгуулсан. Зорчигчид тээврийн хэрэгслээс буухгүйгээр шуурхай нэвтрэх, одоо байгаа зам талбайг өргөтгөх, хил хяналтын байгууллагын хяналт шалгалтыг багасгах, нэгтгэх, транзит тээврийг дэмжиж тусад нь урсгал гаргах, бүртгэлийг автоматжуулах, ухаалаг гарц, камерын хяналтыг иж бүрэн шийдсэн гэх мэт давуу талуудтай. Ингэснээр ачааны урсгал 4 дахин, зорчигч 3 дахин хурд нэмэгдэх боломжтой болж байгаа юм. Харамсалтай нь ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан боомтын бүтээн байгуулалтын ажил удааширч 2022 онд дуусгахаар байна.
-Чөлөөт бүс хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Замын-Үүд, Баян-Өлгий аймгийн Цагааннуурт хашаа барьснаас өөр зүйл хийсэнгүй гэсэн шүүмжлэл бий. Тэгвэл Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаа ямар байна. Өргөжүүлэх хөгжүүлэх талаар энэ онд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
- Алтанбулагийн чөлөөт бүс 2014 онд Засгийн газрын тогтоолоор нээгдэн ажиллаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл чөлөөт бүсийн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээ, тэдгээрийн хамрах цар хүрээ өргөжин тэлсээр байна. Улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг гүйцэтгэх явцад түр ажлын байр 700 гаруй, байнгын ажлын байр 60-аад бий болоод байна. 2014-2020 онуудад 20 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж байнгын үйл ажиллагаа явуулж чөлөөт бүсэд 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Алтанбулаг чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлах, бүсийн болон аймаг, сумын доторх цахилгаан хангамжийг өргөтгөх, гаалийн теле хяналтын нэгдсэн системд холбох ажлууд хийгдэхээр бэлтгэгдэж байгаа.
-Танай аймаг газар тариалангийн гол бүс нутаг. Өнгөрсөн онд ургац хураалт ямар хэмжээнд байв. Цагаан сар өнгөрөөд л хаврын тариалалт бараг эхэлнэ. Бэлтгэл ажил хэрхэн хангаж байна вэ?
-Өнгөрсөн онд манай аймаг улсын хэрэгцээт үр тарианы 49.1 хувь, төмсний 25 хувь, хүнсний ногооны 27 хувийг дангаараа үйлдвэрлэсэн. Намар хураан авах ургац хаврын бэлтгэл ажлаас ихээхэн хамааралтай байдаг. Бэлтгэлээ хэр хангасан байна тэр хэмжээгээрээ ургац арвин авна. Ахмад тариаланчдын хэлдэг сургаал үг байдаг “тариаг эхлээд тархиндаа, сэтгэлдээ ургуул” гэдэг, энэ үг нь нэг үгээр бол бэлтгэлээ сайн хангаж хийх ажлаа сайн төлөвлө гэсэн үг байх л даа. Тийм ч утгаараа ногоочид маань цагаан сарын дараагаас эртийн ургац гаргах үрслэгээ бойжуулах ажлаа эхлүүлэн, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд маань 3 сараас эхлэн техник засвар үйлчилгээний бэлтгэл ажилдаа гарна.
-Энэ онд нийт хэдэн га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Газар тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх, ажиллах хүчний асуудал ямар хэмжээнд байна вэ?
-Аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 430 гаруй иргэн, аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо тариалдаг 2000 гаруй иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ оны тариалалтын төлөвлөгөөгөөр 191.7 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна. Үүнээс үр тариа 162.5 мянган га, тэжээл 7519 га, тосны ургамал 20.0 мянган га, төмс 2700 га, хүнсний ногоо 2900 га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна. Хаврын тариалалтад нийт 22.5 мянган тн улаанбуудайн үр шаардагдахаас тариаланчид маань өнгөрсөн оны ургацаасаа 17.5 мянган тн үр нөөцөлж, 5000 орчим тн үр дутагдахаар байгаа юм. Үр тариа, төмс, хүнсний ногооны тариалалтын техник хангамж харьцангуй сайн байгаа. Тариаланчид маань сүүлийн жилүүдэд техник тоног төхөөрөмжөө өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан шинэчилж байгаа төдийгүй өнгөрсөн жил Засгийн газрын 138 дугаар тогтоолоор тариаланчид, ногоочдод жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгосон нь техник шинэчлэлтэд ихээхэн хувь нэмэр болсон. Энэ жил мөн Засгийн газраас тус зээлийг үргэлжлүүлэн олгож байгаа нь манай тариаланч, ногоочдод ихээхэн дэмжлэг болж байна. Энэ хаврын тариалалтыг байгаль цаг уурын хувьд тааламжтай нөхцөл байдалд тариаланчид маань 15-21 хоногт хаврын тариалалтыг хийх техник хүн хүчний бүрэн боломжтой байна.
-Сэлэнгэ аймаг газар тариалангаас гадна эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг гэдэг. Энэ талаар ямар ажил хийж байна вэ?
-Өмнөх бүрэн эрхийн Хурлын үед бидний төр засагт хандан Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгон тогтоох саналыг удаа дараа тавьснаар Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 багийг тариалангийн бүс нутаг болгон тогтоож тариалангийн тухай хуулиар бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх заалтын дагуу бидний санал хэрэгжсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал байлаа. Тэгвэл энэ удаагийн Хурлын нэг чухал үүрэг бол Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс нутаг болгох Засгийн газрын энэхүү шийдвэрийг аймаг орон нутгийн хөрсөн дээр хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна. Юуны өмнө энэхүү шийдвэрийг сум, багийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөв ойлгуулан сурталчилах, шаардлагатай мэдээ, мэдээлэл, сургалтаар хангах ажлыг зохион байгуулах нь зүйтэй байх, цаашид тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын бодлого шийдвэрийг гарган ажиллана.
-Сэлэнгэ аймгийн харьяат биш ч газар авч газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж иргэн, аж ахуйн нэгжүүдэд бий юу?
-Сэлэнгэ аймгийн харьяат биш ч газар авч газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж иргэн, аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хуульд заасан дүрэм журмаар зохицуулагдан, мөн аймаг орон нутгаас баримталж байгаа бодлого чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж, газар эзэмшиж, ашиглаж болно.
Манай аймгийн нийт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн захирал буюу эзэмшигчдийн 30 орчим хувь нь Улаанбаатар болон бусад аймаг орон нутгийн харьяалалтай хүмүүс байгаа. Мөн энэ мэтчилэн төмс, хүнсний ногоо тариалагч иргэдийн тодорхой хувь нь гадны харьяалалтай.
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт нэмэгдэж байна гэдэг. Сэлэнгэ аймгийн хувьд цөлжилт ямар байна. Түүнээс сэргийлэх талаар хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Цөлжилт, газрын доройтлын асуудал зөвхөн манай аймгийн хувьд гэлтгүй улсын хэмжээнд анхаарал хандуулах ёстой асуудлуудын нэг мөн. Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна цөлжилтөд нөлөө үзүүлж буй хэд хэдэн хүчин зүйл байна. Дийлэнхдээ хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан энэ асуудалд бэлчээрийн даацаас давсан малын тоо толгой, уул уурхайн зохисгүй ашиглалт тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа юм. Сэлэнгэ аймгийн тухайд 700.0 мянган мал бэлчих бэлчээрийн даацтай ч өнөөдрийн байдлаар 1.8 сая толгой малтай болсон нь малыг чанаржуулах, эрчимжүүлэх ажлыг шуурхайлан явуулахад малчид, мал бүхий иргэдийн ухамсарыг чиглүүлэх шаардлага тулгарч байна. Энэ ч утгаар эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс болох шалтгаан нөхцөл урган гарсан юм. Мөн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдэд нөхөн сэргээлтийн өдрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоож өгсөн. Ингэснээр жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн “баасан, бямба” гарагийг биологийн нөхөн сэргээлт хийх өдөр, сар бүрийн долоо хоногийн ажлын эхний 2 өдрийг техникийн нөхөн сэргээлт хийлгэж, хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгасан.
Өнгөрсөн 2020 онд аймгийн хэмжээнд “Цөлжилт газрын доройтлын төлөв байдлын үнэлгээ”-г хийлгэсэн байгаа. Тус үнэлгээний тайланг 2021 оны 2 дугаар улирлад аймгийн ИТХ-аар танилцуулан хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үнэлгээний тайлантай танилцаад цаашид анхаарал хандуулж ажиллах ажлуудын ерөнхий зураглал гарна гэж үзэж байна. Мөн жил бүрийн төсөвт байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг тусган баталж ойжуулалт, бүх нийтээр мод тарих өдөр, зарим голын эрэг орчмыг бургасжуулах зэрэг төлөвлөгдсөн ажлууд хийгдээд явж байна.
-Ажилгүйдэл аймгийн хэмжээнд ямар байна. Ажлын байр нэмэгдүүлэх нөөц бололцоо хэр байгаа вэ?
-Өнгөрсөн 2020 оны жилийн эцсийн статистикийн дүнгээр Сэлэнгэ аймагт бүртгэлтэй ажилгүй иргэд 619 байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдээс ажилд орсон 163 хүн байгаа юм. Ажилгүйдлийг бууруулах ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн хүртээмжтэй бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа. Мөн гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, санхүүжилт олгох арга хэмжээг төлөвлөсөн байгаа юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргын дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөр дэх дээрх ажил арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана. Цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар иргэдээ ашиг орлоготой, ажлын байртай болгох чиглэлийг барин ажиллаж байна. Учир нь манай аймаг байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрууд олонтой. Өнгөрсөн онд аймгийн төвөөс Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнт газар хүртэлх автозамыг хатуу хучилттай болгож шилэн гүүр барих ажлыг эхлүүлээд байна. Аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж аж ахуйн нэгж, иргэдийнхээ жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого барьж байна.
-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ хил залгаа хойд хөршид экспортлох талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар стандартын шаардлага хангасан, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээг сум бүрт бий болгож, тогтвортойгоор хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор “Сум бүрт үйлдвэр-үйлчилгээ” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан. Энэ хөтөлбөрийн маань нэгдүгээр үе шатанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын тооллогыг хийлээ. Мөн манай аймаг хилийн боомт аймаг учраас энэ боломждоо тулгуурлан хөрш зэргэлдээ улсруу малын мах экспортлохоор зорьж байна. Энэ ажлын эхлэл болгон өнгөрсөн онд Буриад улсын Мал эмнэлгийн газартай малын махыг экспортлоход шаардлагатай чанар стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулаад байна.
-Энэ 2021 онд хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа томоохон ямар ажил байна вэ?
-Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг бий болгосон түүхэн үйл явдал болох Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Сэлэнгэчүүдийн хувьд Ардын хувьсгалын өлгий нутаг, ахмад партизан цэргүүдийн үр хойч голомт гэдгээрээ энэхүү ойдоо өндөр ач холбогдол өгч байгаа. Мөн аймгийн маань үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн аймаг, сумын ИТХ, Засаг нарын бүрэн эрхийн хугацаанд буюу 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой бол аймгийн удирдлагын багийг бүрдүүлж буй бидний хувьд нэг талдаа их аз завшаантай хувь тохиол боловч нөгөө талаар энэхүү түүхэн ойг өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх маш өндөр хариуцлага ирж байна гэж миний хувьд үзэж байна. Дээрх ойн арга хэмжээг бид баяр ёслол төдийхнөөр ёсчлон тэмдэглэхээсээ илүүтэй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг түлхүү хийж, олон шинэлэг ажил, арга хэмжээг зохион байгуулж ажиллах шаардлагатай. Ялангуяа, хүүхэд залуусдаа эх орон, нутаг ус, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг гүн гүнзгий ойлгуулсан, өнгөрсөн үеийнхээ хөдөлмөр зүтгэлийг хүндэлсэн, бахархсан ухамсар сэтгэлгээнд чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү зохион байгуулна.
2020-2024 онд баримталж ажиллах зарчим, анхаарлаа хандуулах асуудлуудаасаа онцлооч гэвэл?
- Юуны өмнө аймгийн ИТХ-аас хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн дагуу Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шинэ бүрэн эрхийн үйл ажиллагааны хөтөлбөрийг аймаг орон нутагт хэрэгжүүлэхэд Хурлын бодлого шийдвэр, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ аймгийн хэмжээнд нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулах, төр иргэний гүүр болон шийдвэр гаргах түвшинд ард иргэдийн оролцоог хангаж, ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн бодлогын томоохон зорилтуудыг тавин ажиллах болно.
Мөн Үндсэн хуулинд заасан Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд болох аймаг, сумын ИТХ, Багийн ИНХ-ын үйл ажиллагааг чадавхижуулах асуудлыг анхаарлын төвдөө байлгах ёстой. Бид нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийг зөвхөн аймаг сумын ИТХ гэхгүйгээр аймаг, орон нутгийн хэмжээнд том зургаар нь харж 17 сум, 57 багийн Хурал, Засаг даргатайгаа нягт хамтын ажиллагаатай ажиллаж үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл БИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байгаа асуудал сум, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого шийдвэртэй хэрхэн яаж уялдах вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллана гэсэн үг.
Үүний тулд иргэдтэй хамгийн ойр ажиллах ёстой аймаг, сумын ИТХ, Багийн иргэдийн нийтийн Хурлын байгууллагыг иргэдийнхээ эрх ашгийг бодитоор хангасан тэдний өдөр тутмын амьдралд үр өгөөжөө өгдөг байгууллага болгон чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж төлөвлөж байна. Ингэснээр иргэдээс гарсан бүтээлч санал хүсэлтүүд аймаг, сум, багийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд бодитоор тусаж хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Үүнтэй уялдан бидний анхаарч ажиллах дараагийн нэг гол асуудал бол сонгогч иргэдийн эрх зүйн боловсрол мэдлэг чадварыг дээшлүүлэх асуудал байгаа юм.
Ард иргэд маань хууль тогтоомжоор олгогдсон эрхээ мэдэж, үүргээ ухамсарласан бүрэн дүүрэн хэрэгжүүлэх мэдлэг чадвартай болох нь хүний хөгжлийн бас нэг гол үзүүлэлт болж улс орны хөгжил дэвшилд маш чухал үр өгөөжтэй гэдгийг гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын жишээнээс харж болно. Иймд иргэдийн эрх зүйн боловсрол мэдлэг чадварыг дээшлүүлэхэд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах Хурлын байгууллагын үүрэг гэж болно. Үүний үр дүнд иргэд маань Хурлын бодлого шийдвэр гаргах үйл ажиллагаанд анхан шатнаас нь ухамсартай идэвхитэй оролцож, хяналт тавьж, үр өгөөжийг нэхэж шаардах мэдлэг чадвартай болж, мөн тэр хэрээр Хурлын байгууллагын үйл ажиллагаа ч төлөвшиж сайжирна гэж үзэж байна.
Энэ мэтчилэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон чухал бодлого зорилтууд байна.