Манай улсад 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай гэж үзжээ. Тиймээс эхний ээлжид Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байгаа аж.
Тодруулбал, Засгийн газрын хуралдаанд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийж, тус төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.
Эх сурвалж: Eguur.mn