Нийтийн тээврийн автобуснууд нэгдүгээр сарын 20-ноос буюу маргаашаас шинэ маршрутаар явахаар болсонтой холбогдуулан шинэчлэлийн талаар холбогдох мэдээлэлийг өгч байна.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал "Иргэдэд автобусны үйлчилгээг богино хугацаанд хүргэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд автобусны 224 буудал дээр шинэчлэгдсэн маршрутыг байршуулсан. Ийнхүү иргэд шинэчлэгдсэн маршрутаар маргаашаас эхлэн зорчино. Шинэ чиглэлүүд бий болсноор иргэдийн автобус хүлээх цаг буурна. Богино эргэлтүүд бий болно гэсэн үг. Одоогийн байдлаар урд хөршөөс 180 автобус хүлээн аваад байна. Ирэх сард 600 автобусаа бүрэн хүлээж авч дуусна. Иргэд шинэ чиглэлийн мэдээллийг Imap.mn сайтад нэвтэрч харах боломжтой. Энэхүү сайтад нэвтэрснээр тухайн буудал дээр ямар автобус ирэх вэ, дамжин суух нөхцөл зэргийг харах боломжтой. Цаашид энэхүү сайт апп болно, хөгжүүлэлтийг одоогоор хийж байна гэв.
Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоо гаргаад байна. Түүнчлэн автобусанд зорчих зорчигчдын төлбөр одоогоор нэмэгдээгүй бөгөөд дамжин суух нөхцөл хэвээрээ байгаа" гэв.