Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулав.
“Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцод 151 улс орон нэгдэж орсон нь хүний эрх ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүргүүд, ажилтныг сонгон авахад тавигдах шаардлага, хөдөлмөрийн хяналтын байцаагчдын нөөц боломж, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэх, эрх мэдэл, хариуцлага, бие даасан болон тэгш шударга байдал зэргийг хамарсан зохицуулалтууд тусгагдсан байна. Конвенцод нэгдэн орсноор Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг сайжруулж, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг хангуулахад онцгой ач холбогдолтой болохыг Т.Аубакир танилцууллаа. Хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ оны 9 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн талаар Х.Жангабыл гишүүн танилцуулаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус конвенцод нэгдэн орохыг зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Ганхүлэг, П.Наранбаяр нар асуулт асууж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав.
Гишүүдийн асуултад ажлын хэсгээс дараах мэдээллийг тодруулж, хариулт өгсөн. Хөдөө аж ахуйн салбарт 337 мянга орчим иргэн ажиллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн байдлаар ойн аж ахуй, газар тариалангийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам зөрчсөнтэй холбоотой 17 осол, амь насаа алдсан хоёр тохиолдол гарсан байна. Мөн бүртэгддэггүй тохиолдол цөөнгүй байдаг гэв. Хэлэлцэж буй конвенцын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн хяналтыг сайжруулах, ялангуяа хяналтын байцаагчдын чадавхыг энэ чиглэлээр бэхжүүлэх нөхцөл бүрдэх аж. Энэ салбарт байдаг туслах малчин тэргүүтэй улирлын болон түр ажлын байранд хөдөлмөрийн харилцаа тодорхойгүй, гэрээ байгуулдаггүй нөхцөлийг энэ конвенцод нэгдсэнээр сайжрах эсэхийг лавлахад “Монгол Улс өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр конвенцод нэгдэхээр олон жил ажиллаж, хууль эрх зүйн орчноо конвенцод нийцүүлэх ажлуудыг хийсэн. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны талаарх хөдөлмөрийн харилцааны асуудлыг албажуулах чиглэлээр зарчмын өөрчлөлтүүд орсон. Одоогийн байдлаар энэ хөдөлмөрийн харилцаанд туслах малчдын асуудлаар хөдөлмөрийн гэрээний загварыг гаргах, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах чиглэлээр сургалт, арга зүйн талаар мэдээлэл өгөх ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Энэхүү конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт албан бусаар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарах, мөн салбарын ажиллагсад хөдөлмөрийн байцаагч нараас зөвлөгөө, мэдээлэл авахаас эхлээд олон талаар хамтарч ажиллах боломж нэмэгдэх юм” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Ажиллах хүчний хомсдлын чиглэлээрх салбарын яамны бодлогын талаарх асуултад мөн хариулт өгсөн. Энэ нь зөвхөн Монгол Улсад тулгамдаад байгаа асуудал биш гэдгийг ажлын хэсгээс тодотгоод “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 34 мянга орчим гадаадын иргэд ажиллаж байгаа. Гадаад иргэнийг ажиллуулахдаа аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр төлдөг. Эрх зүйн орчныг шинэчлээд аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг таван салбарын ажиллах хүчнийг дээрх төлбөрөөс чөлөөлсөн. Салбарын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэм сан хөдөлмөр эрхэлдэггүй иргэдтэйгээ тулж ажиллан, 5000 өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, мэргэжилтэй болгох, ажлыг байранд зуучлах бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Гадны ажиллах хүчтэй холбоотой асуудлаар бол хуульдаа нийцүүлээд нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх бодлогыг хэрэгжүүлж байна” гэлээ. Үүний сацуу гадаадад ажиллаж буй Монгол Улсын иргэдийн асуудлыг анхаарах хүрээнд найман улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан, одоо Япон Улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг салбарын яамнаас өгсөн.
Ийнхүү гишүүд төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа холбогдох санал хураалтыг 17.00 цагт явуулахаар товлосон.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг дараа нь хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир төслийн талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл танилцуулсан.
Хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийг хангах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, засаглалыг бэхжүүлэх энэхүү конвенцод 58 улс нэгдэн орсон байдаг байна. Энэхүү конвенц нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81 дүгээр конвенцын нэгэн адил “Засаглалын конвенц” гэж тодорхойлогддог байна. Тус конвенцод газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт зэрэг үйл ажиллагаа хамаарах аж. Улсын хэмжээнд 531.5 мянган хүн албан бус хөдөмөр эрхэлж байгаагаас 337 мянга буюу 63.4 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг байна. Иймд энэ салбарын ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч шаардлагатайг Т.Аубакир сайд танилцуулсан.
Энэхүү конвенц нь хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад үйлдвэр, худалдааны салбарт хэрэглэгддэг нийтлэг хяналтын арга барилаас гадна салбарын онцлогт тохирсон хөдөлмөрийн хяналтын зохицуулалтын хэм хэмжээг тогтоосон байдаг аж. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцод нэгдэн орсноор хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах хяналтын тогтолцоог олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бэхжүүлж, салбарын онцлогт тохирсон хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч танилцуулав. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шинж чанар болон ажлын байрны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналтыг төлөвшүүлэх юм байна. Ажил олгогч, ажилтанд хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн байцаагчийг тогтвортой ажиллуулах, төрийн болон ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурласан үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2026 оны 09 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасныг үндэслэн хуулийн төслийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн хяналтын тогтолцоо нь Монгол Улсын уламжлалт мал аж ахуйн салбар дахь хөдөлмөрийн харилцаанд тохирох эсэхийг, хөдөлмөр эрхэлж буй иргэдээс гадна өөрсдөө аж ахуйгаа эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн хяналтыг хэрхэн хамруулах талаар тодруулсан гишүүний асуултад салбарын сайд хариулахдаа “Нэн тэргүүнд энэ конвенцод нэгдсэнээр манай улсын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүд зохистой хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдэг агуулгаараа экспортод ач холбогдолтой. Хөдөө аж ахуйн салбарын мэргэшсэн байцаагч нь зөвлөн туслах үйлчилгээ, дэмжлэг үзүүлж ажиллах юм. Хөдөлмөрийн харилцаа тогтмол шинэчлэгддэг онцлогтой. Өөрийн аж ахуйгаа эрхэлж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ төр хамгаалах үүрэгтэй учраас өөрийн орны онцлогт тохирсон хяналтыг зохих хэлбэрээр хэрэгжүүлэх болно” гэв. Конвенцын 4, 5 дугаар заалтаар хөдөлмөрийн харилцаанд орж буй нөхцөлд үндэслэн хяналтын обьект болно гэдгийг ажлын хэсгээс тодруулсан. Давуу тал нь өөрийн орны онцлогт нийцсэн, зөөлөн хяналтын тогтолцоог бэхжүүлэх боломжтой гэдгийг мөн тэмдэглэж байв. Холбогдох тодорхойлолтод үндэслэн төсвийг тодорхой төлөвлөх учраас судалгааг нухацтай, үндэслэлтэйгээр хийх шаардлагатай гэдгийг М.Мандхай гишүүн хэлж байв. Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, С.Ганбаатар, С.Эрдэнэбат нар ийнхүү асуулт асууж, салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авсны дараа төслийн талаарх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар товлосон.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!