Нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүний энэ оны 7 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. П.Сайнзориг гишүүн төсөл санаачлагчийн илтгэлийг, Б.Заяабал гишүүн Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг танилцуулав.

Монгол Улсын урт хугацааны урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д төрийн худалдан авалтаар бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад үе шаттайгаар шилжүүлэхээр тусгасан гэдгийг дурдав. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжих, худалдан авах ажиллагааны тогтолцоог оновчтой болгох, хиймэл оюуныг ашиглах, том төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн гэв. Гэвч худалдан авах ажиллагааны өнөөдрийн бодит нөхцөл байдал нь оролцогчдод тавих шаардлага, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалын өр төлбөртэй холбоотой шалгуур нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг тендерт оролцох боломжийг хязгаарлах нөхцөл болж байгаа гэв. Сүүлийн жилүүдэд тендер шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгжийн тоо буурч, оролцогчгүй тендерийн тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд 2024 онд нийт тендер шалгаруулалтын 44 хувь нь амжилтгүй болж дахин зарлагдсан гэх баримтыг танилцуулав. Тендер шалгаруулалтад оролцох болон зохион байгуулахад зардал, цаг хугацаа их шаардагдаж, тендерийг давтан зохион байгуулж байгаа нь төлөвлөсөн ажлыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгааг ч дурдсан. Үүний зэрэгцээ цахим дэлгүүр дэх бараа, ажил, үйлчилгээний нэр төрөл, захиалагчийн хэрэгцээг бүрэн хангахгүй, том төслүүдийн тендер шалгаруулалт гэрээ байгуулах зохицуулалт уян хатан бус байгааг танилцуулгадаа онцолжээ. Түүнчлэн худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт болон гомдол, маргаан хянан шийдвэрлэх тогтолцоог олон улсын сайн туршлагад нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Эдгээр хэрэгцээ, шаардлагад үндэслэн холбогдох зохицуулалтыг тусгахад хуулийн нийт заалтын 50-иас дээш хувьд нь нэмэлт, өөрчлөлт орох болсон тул Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Энэхүү төслөөр төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компани төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн худалдан авах ажиллагааг зохицуулж байгааг харгалзан “Төрийн худалдан авах ажиллагааны тухай” хэмээн нэрийг нь өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болохоо танилцуулав.


Хуулийн төслөөр худалдан авах ажиллагааны үр ашиг, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, оролцогчдын санхүүгийн болон захиргааны ачааллыг бууруулахын зэрэгцээ эх оронч худалдан авалтыг дэмжиж, дотоодын болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалтыг түлхүү тусгажээ. Тухайлбал, 10 тэрбум төгрөг хүртэлх тендерт баталгаа шаардахгүй байх, татвар, нийгмийн даатгалын төлбөрийг тендерээс шууд татгалзах үндэс үндэслэл болохгүй байх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санал болгосон дотоодын бараанд давуу нөхцөлөөр үнэлгээ хийх, орон нутгийн үйлдвэрлэл, ажлын байрыг төрийн худалдан авалтаар дэмжих боломжийг нэмэгдүүлэх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, нийгмийн оролцоог дэмжих хүрээнд тэдний үйлдвэрлэсэн чанар стандартын шаардлага хангасан барааг шууд худалдан авах, бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт, хүртээмжийн шалгуурыг тусгах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн аж ахуй эрхлэгчид худалдан авах ажиллагааны давуу эрх эдлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагаанд чанар, үнийн хосол хослолыг харгалзан гүйцэтгэгчийг сонгох, хиймэл оюун болон технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тендер шалгаруулалтыг шуурхай хэлбэр цахим хэлбэрээр зохион байгуулах, том төслийн худалдан авах ажиллагаанд чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэглэх, гомдол, маргааныг байнгын ажиллагаатай зөвлөлөөр шийдвэрлэх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан болохоо П.Сайнзориг гишүүн танилцууллаа.

Төсвийн байнгын хороо 9 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд, олон нийтийн саналыг авч байгааг Б.Заяабал гишүүн танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Л.Соронзонболд, М.Мандхай, Б.Бат-Эрдэнэ, Б.Пунсалмаа, С.Ганбаатар, О.Саранчулуун нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй эсэх байр сууриа Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ө.Шижир нар индрээс илэрхийллээ.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа О.Саранчулуун гишүүн илэрхийлээд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалагчдыг дэмжих зохицуулалтыг тодорхой тусгах, төрийн болон нийтийн зориулалттай бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтад хүртээмж, түгээмэл загварын шаардлагыг хуульчлахаар тусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулсны үндсэн дээр давуу нөхцөл эдэлсэн аж ахуйн нэгж тухайн иргэнийг бодитоор, тогтвортой, мэргэжил ур чадварт нь нийцүүлэн ажиллуулж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих зохицуулалтыг тусгах санал хэлэв.

Төрийн нэрээр буюу төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан үйл ажиллагааны ил тод байдал, хяналт, хариуцлагыг сайжруулах, шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн буюу жижиг компаниудад тендерт оролцох боломжийг бүрдүүлэх шаардлагын талаар Ө.Шижир гишүүн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн шинэ буюу гарааны бизнес эрхлэгчдийг хязгаарласан туршлага, борлуулалтын босго, тодорхой нийлүүлэгчид нийцүүлсэн техникийн шаардлагыг халж, шударга өрсөлдөөнийг хангах, тендерийн гэрээ байгуулсны дараа үнэ, ажлын хэмжээ, хамрах хүрээг өөрчлөх нөхцөл, дээд хязгаарыг хуульд тодорхой тогтоож, захиалагчийн хариуцлагыг чангатгах асуудлыг тусгах талаар анхаарал хандуулах шаардлагын талаар үг хэлэх ташрамдаа төрийн худалдан авалттай холбоотой төрийн өмчит компаниудын зарлага, урсгал зардал, хөрөнгө оруулалттай холбоотой Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулахаар 44 гишүүн гарын үсгээ зураад байгааг дуулгасан. Барилгын салбарт онцгой анхаарч, төрийн худалдан авалтад зохицсон иж бүрэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг Б.Пүрэвдорж гишүүн илэрхийлсэн юм.
Ингээд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг товлосон цагт явуулахаар шийдвэрлэснээр дараагийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!