Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэв.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,
Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эрхэм хүндэт УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа,
Монгол төрийн эрхэм түшээд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Та бүхэнд хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүмүүн, монгол түмний өнө мөнхийн бахархал, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 864 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх энэхүү гал морин жил Их эзэн Чингис хаан төрт ёс, түүх, соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулсны түүхт 820 жил, Их Монгол Улсын хоёр дахь хаан Өгөдэй хааны мэндэлсний 840 жил, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн түүхт 65 жилийн ой тохиож байна.
Монголчууд бид ертөнц дахинд бахдан гайхуулж, өнө мөнхөд бахархан дээдлэх тэнгэр заяат аугаа их хаантай ард түмэн билээ.
Их эзэн Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн Их эзэн хаан, монголчуудын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн оюун санааны алтан хэлхээ юм.
Одоогоос найман зууны тэртээ Чингис хаан Монголын их тал нутаг, эцэг өвгөдийн ариун шүтээн Бурхан Халдун хайрхны өвөрт, мөнхийн рашаан уст гурван голын сав газарт талын монгол язгууртан Есүхэй баатар, ухаант сэцэн хатан Өөлүн эхийн ууган хөвгүүн болон мэндэлжээ.
Тэрбээр хаан хүний эрдэм чадлыг цогцлоон мэндэлж, өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг залгамжилж, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг олсон аугаа их хүмүүн байсан билээ.
Тэмүүжин эв эе эвдрэлцэн тарж бутарсан монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Хүннү гүрнээс улбаатай төрт ёсны алтан аргамжийг бататган бэхжүүлж, Хамаг Монголыг нэгтгэн Монгол төрийн ариун гал голомтыг сэргээн бадрааж, ертөнц дахинд дуурьсагдсан Их эзэн Чингис хаан болон өргөмжлөгдөх хүртэлх түүний хагас жарны түүх, их үйл хэрэг тийм ч амар хялбар байгаагүй юм.
Чингис хаан ураг төрөл, угсаа нэгтнүүддээ гээгдэж, балчир наснаасаа өнчрөл хагацал, хатуу бэрхийг үзэн хат сууж, өстөн дайснаасаа эмээлгүй, өөрийн нөхдийг орхилгүй, уужим сэтгэж, ухаарлыг олж их үйлийг бүтээж, Их Монгол Улсыг байгуулсан бахдам сайхан түүхтэй билээ.
Найман зууны тэртээ Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид наран мандах зүгээс наран шингэх хүртэлх уудам газар нутгийг хамарсан Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, “Монголын их амар амгалан”-г үүтгэн тогтоосноор Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан билээ.
Тухайн үеийн Монголын эзэнт гүрэн нь Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улс, Юань гүрнээс бүрдэж байсан бөгөөд зүүн зүгт Номхон далайгаас эхлэн баруун зүгт Персийн булан, Дунай мөрөн хүртэлх 23 сая хавтгай дөрвөлжин километр газар нутаг буюу дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй хуурай газрын хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй байсныг Британника нэвтэрхий тольд тэмдэглэн үлдээжээ.
Энэ нь одоогийн Төв Ази, Иран, Ирак, Орос, Украин, Азербайжан, Армен, Гүрж, Хятад, Солонгосын хойг болон Зүүн өмнөд Азийн зарим улсыг багтаасан хуурай газрын хамгийн том Эзэнт гүрэн байсан юм.
Ийнхүү Их Монгол Улс эв нэгдлээ бэхжүүлэн, төр улсаа мандуулж, хууль цаазын дор түмэн олныг төвшитгөн захирч, ертөнц дахинд амар амгаланг тогтоон, сүр хүчээрээ дэлхий дахинд гайхагдсан эзэнт гүрэн болон өргөжин тэлсэн төдийгүй дэлхийн түүхийн хоёр зууныг “Монголчуудын зуун” болгон хүн төрөлхтний түүхэнд мөнхлөн үлдээсэн аугаа түүхтэй.
Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, урлагийн олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан онцгой хувь нэмэр, хүн төрөлхтний түүхэнд өвлүүлэн үлдээсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг билээ.
Тиймээс Чингис хаан болон түүний залгамжлагчид өнөөдөр ч хүн төрөлхтний өмнө тулгарсаар буй улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, иргэншил хоорондын дайн дажин, зөрчил мөргөлдөөнийг найман зууны тэртээ даван туулж, “Монголын их амар амгалан”-г цогцлоож байсныг үнэлэн Вашингтон пост сонин 1995 онд Чингис хааныг дэлхийн “Мянганы суут хүн”-ээр нэрлэж байсныг баярын энэхүү өдөр бахархан дурсахад таатай байна.

Миний Монголын ард иргэд ээ,
Их эзэн Чингис хаан 1220 онд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг монгол түмний ариун гал голомт болох Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгаж байсан түүхтэй.
Орхон голын хөндийд нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрэн, Жужан, Түрэг, Уйгур, Их Монгол Улсын нийслэл хотууд сүндэрлэж байсан бөгөөд манай улсын түүх, соёл, төрт ёсны ариун гал голомт болсон нутаг юм.
Хархорум хотыг цогцлоон хөгжүүлэх их хааны үйл хэргийг түүний хүү Өгэдэй хаан нэр төртэй үргэлжлүүлэн удирдаж, Гүюг, Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий дахинаа түгэн мандсан түүхтэй билээ.
Хархорум хотод монголчуудаас гадна хятад, зүрчид, тангуд, хятан, солонгос, төвөд, уйгур, перс, энэтхэг, франц, герман, мажар, орос зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон улс үндэстний элч төлөөлөгч, эрдэмтэн мэргэд, гар урчууд, худалдаачид оршин суудаг байжээ.
Хархорум хотод Их Монгол Улсын хаан Өгэдэй, Гүюг, Мөнх нар төвлөн сууж эрхшээлдээ оруулсан олон орны удирдагчдад улсаа захирах эрх олгох, харь орныг захирах даргач нарыг томилох, хүн амын тооллого явуулах, тэднээс хураах алба татварын хэмжээг тогтоох, харь улс оронтой найрамдах, дайтах зэрэг бүхий л шийдвэрийг нийслэл хотдоо гаргаж байв.
Ийнхүү олон улс орны хувь заяатай холбоотой асуудлууд тус хотод шийдэгдэж, Хархорум хот дахь их хааны ордонд байсан “Бичигчийн газар”-аас монгол, перс, латин зэрэг олон хэлээр хааны зарлиг, захидлыг дэлхийн улс, орнуудад илгээж, харилцаа холбоо тогтоож байв.
Үүний гэрч баримт болсон монгол хаадын захидал эдүгээ дэлхийн олон орны архив, музей, номын санд хадгалагдаж байдаг билээ.
Түүнчлэн Их Монгол Улсын хаан өргөмжлөх ёслол нь олон улс орны элч төлөөлөгчид хуран чуулдаг томоохон үйл явдал байв.
Тухайлбал, Хархорумын ойролцоох Шар ордод 1246 онд Гүюгийг их хаанаар өргөмжлөх их ёслол болж, Ромын Папын элч Плано Карпини, Оросын ван Ярослав, Хятад, Солонгосын ноёд, Гүржийн хоёр хан хүү, Багдадын халифын элч тэргүүтэй 4,000 гаруй элч төлөөлөгч оролцож байжээ.
Зөвхөн дээрх жишээнээс үзэхэд л Хархорум нь дэлхийн улс орнуудын асуудлыг шийддэг хот төдийгүй дэлхийн нийслэл байсныг батлан харуулна.

Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын төрийн бодлого нь анхнаасаа бусдад өөрийн соёл шашныг хүчээр тулгадаггүй, харин бусдын оршин тогтнохуйг хүндэтгэн үздэг байсны нэгэн тод жишээ бол нийслэл Хархорум хотод бурханы, загалмайтны, исламын зэрэг янз бүрийн шашны 12 сүм, хийд зэрэгцэн оршиж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж, Мөнх хааны үед олон шашны элч төлөөлөгч хуран чуулж, мэтгэлцэж байсан нь дэлхийн түүхэнд гарсан анхны тохиолдол байжээ.
Чингис хаан болон түүний залгамжлагчид Торгоны замыг хөгжүүлэн, аюулгүй байдлыг хангаснаар Их Монгол Улсын нийслэл Хархорум хот нь өрнөдийн улс орнуудтай худалдаа арилжаагаар холбогдож, цаасан мөнгө гүйлгээнд нэвтэрч, дэлхийн эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан түүхтэй.
Ийнхүү Евроазийн улс орнууд газар нутаг, улс төр, эдийн засаг, нийгмийн байгууламжийн хувьд Их Монгол Улсын засаглал дор нэгдсэнээр улс орон, бүс нутгийг зааглаж байсан соёл иргэншил, үзэл суртлын хана хэрэм нуран унаж, олон ард түмэн харилцан хүндэтгэлтэйгээр зэрэгцэн орших боломжтойг хүн төрөлхтөнд анхлан мэдрүүлсэн юм.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд монголчууд бидний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн, “Монголчууд бол өрнө, дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээ хөгжүүлэн, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүд бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын харилцаа, яриа хэлэлцээг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч байна” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан, Энх тайвны Нобелийн шагналт Ким Дэ Жүн “Чингис хааны байгуулсан гавьяа дараах түүхэн ач холбогдолтой юм” гээд “Нэгдүгээрт, өрнө, дорныг холбосон хуурай болон далайн замыг бий болгосон. Хоёрдугаарт, христосын болон исламын шашин дорно зүгт дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн. Гуравдугаарт, газар зүй, одон орон судлал, тооны ухаан, газрын зургийн технологийг өрнөдөд дэлгэрүүлсэн. Дөрөвдүгээрт, өрнө, дорнын соёлын болон эдийн засгийн харилцааг эрчимжүүлснээр дэлхийн ирээдүйн хөгжлийн үйл явцыг өөрчилсөн юм” хэмээн үнэлэн дүгнэсэн байдаг.
Тэгвэл Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Эрдоан бичихдээ “1206 онд байгуулагдсан Их Монгол Улс нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрэн байлаа.
Энэ нь хүн төрөлхтний түүхийн хөгжлийн явцад нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй байсан юм. Чингис хаан түүхэнд хамгийн том гүрэн байгуулсан удирдагч байсан төдийгүй агуу төр улсыг захирч чадсан цэргийн том жанжин байсан юм.
Нөхөр ч бай, дайсан ч бай олон ард түмний түүхэнд өөрийн байлдан дагууллаар дурсагдан үлдсэн аугаа их Чингис хааны зорьсондоо хүрэх чадвар, цэргийн их эрдэм нь Монголын эзэнт гүрэнд их зүйлийг өгчээ” хэмээн дүгнэжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон “1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг нэгтгэн зангидсан үеэс хойш монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөг гүнээ эрхэмлэн дээдэлж ирсэн” хэмээн цохон тэмдэглэжээ.
Тэгвэл Франц Улсын Ерөнхийлөгч Жак Ширак Чингис хаан, түүний үйл хэргийг тодорхойлохдоо “Дэлхийг донсолгож байсан энэхүү их байлдан дагуулагч ямар их өндөр соёлтой, ирээдүйг урьдчилан харагч, өөрийн нийгэм цаг үеийг тодорхойлогч байсныг тэр бүр бүрэн дүүрэн судалж, мэдэж амжаагүй байна.
Чингис хаан овог аймгийн тогтолцоог задлан халж, үндэсний эв нэгдлийг үүсгэн бий болгож, Монгол үндэстний үеийн үед өнө мөнхөд орших эх үндсийг тавьж өгсөн юм.
Тэрээр энх тайвныг тогтоож, эртний торгоны замын аюулгүй байдлыг хангаж, худалдаа наймаа, оюуны болон урлаг соёлын солилцоог хөгжүүлэх бололцоог олгосон.
Түүхчдийн хүлээн зөвшөөрснөөр Чингис хааны үлдээсэн нэгэн чухал өв болох “Монголын их амар амгалан” нь Европ, Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг бүрдүүлсэн юм.
Чингис хаан өнөө үед домогт баатар болж, түүний сүр хүч, дурсамж үеийн үед айх, бишрэхийг хослуулан мөнхөрсөөр байна” хэмээн үнэлэн дүгнэжээ.
Ромын Пап XVI Бенидикт 2006 онд бичихдээ “1206 оноос өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтний хөгжилд багагүй өөрчлөлт гарсан хэдий ч Их Монгол Улс болон түүний бусад соёл иргэншилтэй харилцах харилцаанд Чингис хааны оруулсан хувь нэмэр үлэмж хэвээр үлдсэн нь гарцаагүй” хэмээн хэлсэн байдаг.
Тэгвэл Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн XIV Пап Францис 2023 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөө Монгол Улсын оруулж буй хүчин чармайлт, хувь нэмрийг өндрөөр үнэлэн, “Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолж, аливаа зөрчил тэмцэлгүй байсан тэртээх цаг үе шиг улс орнууд олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн дэлхий нийтэд уриалсан.
Тэрбээр “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлсэн.
Мөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “Чингис хаан эхийг нь тавьсан Монголын төрт улс дэлхийн түүхийн өрнөлд ихээр нөлөөлсөн юм” гэсэн бол ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Штайнмайэр “Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий сүр хүчтэй удирдагчдын нэг юм. Түүний сүр хүчийг олон талаас нь авч үзэх учиртай” хэмээсэн.
Япон Улсын Ерөнхий сайд Жуничиро Койзуми “Евроазийн газар нутгийг эзлэн захирч байсан Монголын эзэнт гүрний үед анх “дэлхий” хэмээх ерөнхий ойлголт бий болсноор дэлхийн түүх үүссэн” гэж үздэг Японы эрдэмтэн Окада Хидэхирогийн дүгнэлтийг эшлэн дурдаад “Авьяас чадалтай, эрдэмтэй гадаадын иргэдийг өндөр албан тушаалд тохоон томилох, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох, шашин шүтэх эрх чөлөө зэрэг Чингис хааны явуулсан бодлогыг авч үзвэл, Монголын эзэнт гүрэн даяаршлын анхдагч байжээ” хэмээн дүгнэжээ.
Энэ бүхнээс авч үзвэл Их эзэн Чингис хаан болон Их Монгол Улс нь дэлхий нийтэд эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хөгжүүлж, элч солилцох ёс, дипломат албаны ойлголтыг анх бий болгон, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавьсан хэмээн дэлхий нийтээрээ үнэлэн дүгнэж, хүлээн зөвшөөрч байдгийг тод харуулж байна.
Түүнчлэн Их Эзэн Чингис хаан, түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г хэрхэн тогтоож байсныг судалж, гадаад бодлого, дипломат харилцааны түүхийг нь сөхөн үзвэл сайн жишиг, сануулга сургамж олон байгааг олон улсын эрдэмтэн мэргэд зөвлөдөг.
Тиймээс дэлхийн улс орнууд харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадах аваас найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээсэн даян дэлхийн амар амгаланг өнөө цагт тогтоох боломжтой гэдгийг Монгол Улс НҮБ-ын хүндэт индэр дээрээс дэлхий нийтэд хандан уриалсан билээ.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх, соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 оноос хойших 65 жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй бөгөөд хариуцлагатай гишүүн байж, олон улсын энх тайван, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар ирлээ.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх НҮБ-ын хүчин чармайлт, түүний дотор зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд өөрийн газар нутгийг цөмийн зэвсэггүй статустай болгон зарласан билээ.
Мөн Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм байгуулахыг эрмэлзэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцон, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хөгжлийн бодлого, зорилгуудыг ханган хэрэгжүүлэх чиглэлээр олон санал, санаачилга гарган бүх түвшинд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
Манай улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирлээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн хэлсэн нь НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйл хэрэгт Монгол Улсын оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн үнэлгээ юм.
Өнөөдөр Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж, олон улс дахь нэр хүнд өдрөөс өдөрт өсөн бэхжиж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай сайхан байна.
Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа эрхэм хүндэт ард иргэд ээ,
Аливаа үндэстэн оюунаар тунгаах ном судар, мэлмийгээр тольдох бахархалт өв, сэтгэлдээ тээх нийтлэг үнэт зүйлтэй байх нь нэгдмэл цул байхын үндэс суурь болдог.
Тийм ч учраас өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх, Чингис хааны шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлиг гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, Чингис хаан хэмээх алдар нэрийг ертөнц дахинаа анхлан дуурьсгасан Хар Зүрх уулыг төрийн тахилгатай болгон, үеийн үед шүтэн дээдлэх Их эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болгосон билээ.
Мөн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”, “Монголын нууц товчооны албан ёсны англи орчуулга” болон “Чингис хааны билиг сургаал”, “Монгол хэмээх нэрийн судалгаа”, “Монгол хэл судлал” 15 боть, “Төрийн тахилгатай уул хайрхдын судалгаа” зэрэг бүтээлийг туурвин түмэн олны хүртээл болгосны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2023 онд Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Мөн монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд сүр хүчээ мандуулан, суу алдраа бадраахад монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Монголчууд биднийг, монголын түүхийг монгол адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн, монгол морь хоёр амь нэгтэй билээ.
Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн адууны өдөр” санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей дэмжин баталснаар “Дэлхийн адууны өдөр”-ийг манай Үндэсний их баяр наадмаар дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтоод байгааг түүхт баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж билээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Чингис хаан болон монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, өв соёлын гайхамшгийг танин мэдүүлсэн үзэсгэлэнг Герман, Франц, Чех, Швейцар, ОХУ, Англи, Япон зэрэг оронд амжилттай хамтран зохион байгууллаа.
Мөн эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах төрийн бодлого амжилттай хэрэгжиж, Хархорум хотын бүтээн байгуулалт монгол түмний эв нэгдэл, сүр хүчний бэлгэдэл, сайн цагийн угтал болон дахин сүндэрлэж, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээнд өнө мөнхөд батжин оршиж, Монгол төрийн ариун гал голомт үеийн үед мандан бадрах болтугай.
Их эзэн Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү задартугай” хэмээн амь биеэсээ илүү аху их төр улсаа ашид эрхэмлэн дээдлэх учиртайг гэрээслэн сануулсан билиг сургаал монгол түмний минь сэтгэл зүрхэнд өнө мөнхөд орших учиртай.

Монгол хүн бүр Чингис хаанаа хүндэтгэн дээдэлж, бишрэн шүтэж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ зүрхний толт, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, эцэг өвгөдийнхөө байгуулсан Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг энэхүү баярын өдөр эрхэм хүндэт ард иргэддээ уриалж байна.
Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн баярын мэндийг Их хааны үр сад болсон монголчууддаа өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Их эзэн хааны сүр хүч, суу алдар монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай” гэлээ.
Эх сурвалж: president.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!