Үндэсний ухамсар, үзэл хийгээд “Үхсэн могой”
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
40 минут 47 секунд
Үндэсний ухамсар, үзэл хийгээд “Үхсэн могой”
Нийтлэсэн огноо:

Үндэсний ухамсар, үзэл хийгээд “Үхсэн могой”

(Монголынхоо хүүхдүүд, дүү нар, иргэддээ илгээх нууцгүй бодлын захидал)

“Монголын маш чухал 50 хүн” гэсэн гарчигтай жижгэвтэр, товхгор номонд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн 2007 онд “Зууны шуудан” сонинд өгсөн ярилцлага дахин хэвлэгджээ.

Х.Баянмөнх аварга яриан дундуураа, “Би... Хяргас нуураараа жишээлэн хэлье л дээ. Гүвэлзэх мандлыг нь ширтэж, хөөсрөх долгионд нь цохиулж, хөвөөнд нь нялх төлийн дуу чагнаархан байсан бага нас минь өчигдөрхөн юм шиг цагийн уртад улам тодроод... нэг булаг, нэг тойром хүртэл өвөл, хавар, зун, намарт өглөө, өдөр, үдэш гээд янз бүр харагддаг шүү дээ. Ерөөсөө амьд юм гэдгийг мэдэрдэг... Хүйтэн булгийн хөвөөнд гурван чулуу тулж, нэг жижигхэн ширдэг дэвсэж суучихаад сонгино амтагдсан шөл даргилан буцлах тэр агшин... байвал л болох нь тэр. Эх орны үнэ цэн гэдэг энэ! гэсэн үг “зоожээ”. Тийм шүү, яг үнэн! Сэтгэлийн хэдхэн энгийн үгэнд их гүн философи үнэн нуугддагийн жишээ амьдралд олон байдаг.

Ирвэс хамгаалагч эх оронч хүү Т.Лхагвасүмбэрэлийн аав “Байгаль орчины гавьяат ажилтан Жалын Төмөрсүх” “Зууны мэдээ” сонины “Ярилцах цаг”-ийн зочноор уригдаад өгсөн ярилцлагадаа “Байгаль хамгаална гэдэг эх орноо хамгаалж байна гэсэн үг”. Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум буюу Дархадын цэнхэр хотгор хэмээх байгалийн үзэсгэлэнт газар төрж өссөн хүн. Аав минь анчин, хурдан морь уядаг уяач хүн байсан. Аавыгаа дагаж Хөвсгөлийн Хорьдол Сарьдаг, Улаан тайга орчмоор 7 настайгаасаа эхлээд явж байлаа. Багаасаа ан амьтан, байгальтай ойр ахуйд өссөн хүн Улаанбаатарт ажиллахаар анх томилогдсон юм. Хотод эгчийндээ хонож байхдаа морь янцгаахыг сонсоод сэтгэл хөдлөөд л тэр өдрөө тухайн үеийн “Ойн модны аж үйлдвэрийн яам”-нд “Би хөдөө явлаа... томилолт бичиж өгнө үү! гэж хэлээд Монголын хамгийн цэнгэг устай Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд томилогдож Хөвсгөл нуураа хамгаалах ажилд амьдралынхаа 25 жилийг зориуллаа... гэж амьдралаа хуучлахдаа монгол хүн яагаад ч нүд хуурай сонсож тэсэхийн аргагүй ийм “энгийн үнэн”-ийг зүгээр л сэтгэлээсээ уудалжээ.

Гадаа гудамжинд, хаа ч юм, морь янцгаах чимээ Ж.Төмөрсүхийн сэтгэлд ямар нэг Монгол адуу Хорьдол Сарьдгийн нуруу, Улаан тайгад нь янцгаах шиг л дуулдаж, зарим хүнд бол итгэхэд бэрх л үнэн юм. Хүний сэтгэл ийм хачин үйлдэл байн байн хийдэг, шинжлэх ухаанд танин мэдэгдээгүй, нээгдээгүй нэг хачин чанартай нь бодит үнэн юм. Ж. Төмөрсүхэд сонсогдсон морины янцгаан Улаанбаатар хотын хаа нэгтээ гудамжинд ч юм уу, аль нэг хашаанд ч юм уу уяатай хонож буй морины янцгаан ч байсан уу, эсвэл, хаа хол, Хөвсгөлийн Улаан тайгад ижлээ санан идээшилж явахдаа янцгаасан нэг морины янцгаан байсан уу, алины нь янцгааныг Ж.Төмөрсүх чихэндээ, эсвэл, сэтгэлдээ, зөн совиндоо сонссон уу, Ж.Төмөрсүх өөрөө ч мэдэхгүй, хэн ч мэдэхгүй, шинжлэх ухааны аль ч мэдлэг энэ асуултанд бодитой зөв хариулт өгч өнөөдөндөө чадахгүй.

Ер нь хүний сэтгэл асар хүчтэй “Биоцөм”-ийн эрчим цацраадаг, зарим хүний чихэнд сонсогдох, зарим хүнийхэд эс сонсогдох давтамжтай долгио чимээ, мэдээлэл илгээдэг, заримдаа хүний нүдийг асар их нулимс, “үйлдвэрлэгч” болгодог, заримдаа хуурай элс чулуу болгодог их сонин ид шидтэй “эрхтэн” байдаг юм шиг байгаа юм. А.Шопенхауэр “Ертөнц бол хүний төсөөлөл юм” гэж ойлгосон нь идеалист ойлголт ч байж мэднэ, ертөнцийн бодит юмс, үзэгдлийн мөн чанар, үнэн жинхэнэ бодит үнэнээрээ зөвхөн тэднийг хүлээн авч буй хүний сэтгэлд л оршдог байж ч мэднэ. Эсвэл, үнэн эртний Герегийн “инээмсэглэгч гүн ухаантан” Демокритын ойлгосноор, “Нэг бол юу ч үнэн биш, нөгөө бол тэр бидэнд тодорхой бус зүйл” ч байж мэдэх юм.

1982 оны зун “Ази, Африкийн зохиолчдын их хурал” Улаанбаатарт болж Ази, Африкийн ихэнх орны болон ЗХУ-ын нэрт олон зохиолчид, яруу найрагчид Монголд цуглаж “Улаанбаатарын их хурал”-д төлөөлөгчөөр оролцлоо.

“Монголын зохиолчдын эвлэлийн хороо” зочдыг нэг өдөр “Тэрэлжийн амралт”-анд хонуулахаар аялуулах замдаа “Туулын гүүр”-ний дээдтэй тохойд “Үдийн зоог” барьж дэлхийн хоёр том тивийн дэлхийд алдартай зохиолчид, яруу найрагчид үндэстэн үндэстэнийхээ хэлээр шүлэг зохиолоо уншиж, тэврэлдэх нь тэврэлдэж, үнсэлцэх нь үнсэлцэж, утга зохиолын онол, туурвилын асуудлаар хээрийн нөхцөлд санал бодлоо солилцох нь солилцсон юм.

Замд хөдлөх цаг болтол Мозамбикийн гарамгай цогт яруу найрагч бүсгүй Баба Джигада Туулын шугуйн бургасанд, голын эрэгт, зүлгэн дээр ганцаараа суучихаад ногоо руу заагаад, ихэр татан уйлаад явж өгдөггүй, “Яачихаад байгаа юм бол?” гэж бодоод ногоо руу харсан чинь Туулын тохойгоор туучин давхиж өнгөрсөн сүрэг сүрэг адуу (ойролцоох нутгуудаас зориуд тууж авчирч монголчуудын адуу малаа маллах, унах, эдлэх соёлын өв уламжлал, арга эрдмийг танилцуулсан юм.) Туулын эрэг шугуйгаар шахцалдан пижигнэлдэхдээ нэг адуу нь нэг зогойг (могойн зулзага) гишгэчихсэн юм байх, өнөөх зогой өехийгөө өөд нь харуулаад гулдайчихжээ, хөөрхий. Баба Джигада “Би ийм оронд энэ могой болоод энд үхээд хэвтэж байсан ч өөрийгөө дэлхийн хамгийн аз хувьтай хүнд тооцох байсан” гэж уйлаад босож өгдөгүй, намайг бүр зовоочихлоо. Хаа алс, мөнх ногоон Африкт байгаа хүний нутгийн хүн “Хүдэн татсан хүйтэн, хүний Монголын”-ын сайханд сэтгэл “газардаад” нулимс унагаж сууна гэдэг бол шинжлэх ухаанд дор нь яв цав тайлбарчихад ярвигтай “үзэгдэл” байх л даа, би яахав, шинжлэх ухааны хүн биш, өөрөө аанай л “нулимсны хүн” болохоор Баба Джигадаг дагаад уйлмаар огшоод ирсэн ч нулимсны оронд тархины минь “Substantio grysea” тэхэд өөрийн эрхгүй нэг бодол улалзуулсан юм. Тэр нь “Би ямар сайхан эх оронтой хүн бэ, Монгол минь хэдийгээр хацар, чих часхийлгэх догшин цагаан өвөлтэй, зуд турхантай, хуухай улаан шороон түйрэн нүүгэлтсэн хавсаргатай хахир явир хавартай ч яаж би ашгүй ямар азаар энэ газар шороон дээр монгол хүн болж төрөв өө?” гэсэн бодол цээжээр аянгын цахилгаан шиг зуралзаад нүдээр нулимс аяндаа дүүрчихсэн.

Баба Джигадагийн үг энгийн л уянгалаг зөөлөн сэтгэлийн үг байсан ч миний гол руу цус харватал нэвтэрсэн айхтар хүчтэй, бодол ухаан цочиром эгэлгүй үг байсан. Нулимс дандаа шорвог, давслаг, гашуун байдаггүй, хүний сэтгэл санаа зарим агшинд нулимсны химийн найрлагыг дор нь өөрчилдөг учир битүүлэг нууцтай юм билээ. Тэгж химийн найрлага, бүтцээ гэнэт өөрчилсөн нулимсны шинэ найрлага, бүтцэнд химийн бус “атом” байршсан явдаг нь тухайн тухайн хүнээс харьцангуй хамааралтай байдаг хувьсангуй хэмжээтэй сэтгэхүйн “атом” – эх оронч элэг сэтгэл, үзэл ухамсар төрүүлэгч Хайр байдгийг тэгэхэд би мэдэж авсан юм. Энэ хайр л “Эх орны үнэр их сайхан шүү гэж!” хүнээр шүүрс алдуулан хэлүүлж байгаа юм. Үнэн л дээ, үнэр бол мэдээлэл! Хамгийн өндөр үнэтэй, хамгийн тансаг ялдам үнэр ч явж явж газар дэлхийн, тэр дотроо, хүн хүний эх орны газар шорооны үл орлогдох үнэрийн мэдээлэл байдаг. Гагцхүү гаажтай нь, энэ үнэрийг чухамдаа хамраар ч мэдэрч байгаа бус, хамарнаас нэлээд цаана, нэлээд гүнд, тун далд байгаа өөр “эрхтэн”-ээр, өнөөдөр их олон хүнд “рудимент” чанартай болчихсон эд эсээр мэдэрч, мэдэж авч байгаа хэрэг юм.

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Өнөөдөр ард иргэдийн маань олонхийн материаллаг ахуй амьдрал нэлээд хүнд байгаа нь нүдэнд ч, сэтгэлд ч илт мэдрэгдэх нь “Яая даа, байз! Яаж нийгмийнхээ харилцааг хөгжлийн жинхэнэ ардчилсан, хүнлэг, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр эрчимжүүлдэг болгоё доо, яаж үндэснийхээ бүтээмжийн үр дүнг нийгмийн давхаргуудад шударга, зөв хувиарлаж хүртээдэг тогтолцоог яаралтай хэрэгжүүлье дээ!” гэсэн жаахан бачууралт бодол өдөр бүр төрүүлэх юм.

Монголын маань нийгэмд зах зээлийн харилцааны “үл үзэгдэх гар” тун түрэмгий ноёрхож, юу хийхийг хүссэнээ чөлөөт, жинхэнэ ардчилсан эрхээрээ, дур зоргоороо хийж чадаж байна. Худалдаанд чөлөөт үнэ үйлчлэх “хууль”-аар төр, засаг бараа, бүтээгдэхүүний үнийг чөлөөлснөөр үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, ажилчдын цалин хөлс, татвар, ашиг, хуримтлалд зарцуулсан зардал, өртөгтэйгээ харьцангүйгээр эдийн засгийн шинжлэх ухааны үндэслэл, тооцоотой тогтоогдох ёстой бодит үнэ нийгмийн харилцааны ямар ч хяналт зохицуулалтгүйгээр, зүгээр л, өмчийн эзний “амны хий”- гээр хөөсөрсөн үнээр худалдан авагчдад тулгагддаг практик хэвийн үзэгдэл болж хэвшлээ.

Амьдралын хэрэгцээт бараа, таваарын үнийн “геометрийн прогресс”-ээр өсөн нэмэгдэгч өсөлт, үндэсний мөнгөний ханшийн уналт, савалгаа монголчуудын амьдралыг дэлхийн бусад үндэстний хүн амын амьдралын дундаж түвшинээс 5-6 дахин өндөр өртөгтэй амьдралын нөхцөлд оруулав. Уг нь зах зээлийн харилцаа бол хүнлэг, шударга хөдөлмөрийн өрсөлдөөний харилцаа бөгөөд энд үйлчилдэг гол өрсөлдөөн нь бараа бүтээгдэхүүний чанар, үзэмжийн дээшлэлт, эд материалын өртөг, зардлын ухаалаг хэмнэлт, үйлдвэрлэлийн ашиг, орлогын нэмэгдэлтийг тасралтгүй хангах зарчимтай өрсөлдөөн байдаг. Зах зээлийн харилцааны эдийн засгийн тогтолцоо бол өөр зарчмыг үгүйсгэдэг тогтолцоо! Орчин үеийн эдийн засгийн томоохон онолчид, мэргэжилтнүүдийн судлан тооцоолсноор алив үйлдвэр, аж ахуйн газрууд бүх зардлаа нөхөөд, 15-20 хувийн цэвэр ашигтай ажиллахад л, хэрэв, байгалийн гамшиг, дайн байлдааны хохирол, сүйрэл, өвчин тахалд л эс нэрвэгдвээс, өөрсдийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж баялаг бүтээх бүрэн боломжтой гэж үздэг. Бараа бүтээгдэхүүний болоод үйлчилгээний үнэ зөв, бодитой байх, тухайн үйл ажиллагааг эрхлэгчдийн шударга, соёлч, хүнлэг ёс суртахуунт ухамсарын зохицуулалттай байх нь эдийн засгийн хөгжлийн аль ч үе шатанд үйлчлэх “байнгын тогтмол” юм.

Үнийн зохицуулалтын хувьд бол “Төрийн зохицуулалт”-ын хэлбэр, оролцооноос хавьгүй илүү хүчирхэг зохицуулалт бол үйлдвэр, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж буй хувь хүний жудаг мөс, амьдралын үнэмлэхүй утга, зорилыг ойлгох соёл, хүн чанарын нь “удирдлага” юм. Үүнийг хүн алив шударга бус, ариун бус, өөрт болоод бусдад нүгэлт үйл үйлдэхийг тэвчүүлэх “сэтгэлийн хориг” гэж нэрлэж ч болох юм. Хүний амьдрал бие махбодын нь үхлээр дуусдаггүй, “Төрөх”-өөс “үхэх” хугацааны завсарт үйлдсэн бүх буян, нүглийн нь мэдээллийг бүрэн хадгалж үлддэг Сүнс- “Би”-гийн амьдралаар “Сансрын хүрд”-нд орчин амьдарч үргэлждэг. Хүний Сүнс-“Би”-гийн амьдралын хугацааны хязгаар тодорхойгүй, барагцаагаар хязгааргүй, ганц тодорхой үнэн нь хүн газар дээр эдэлж өнгөрсөн жаргал, зовлонгоо бие махбодынхоо үхлийн дараа ч “Сансарын хүрд”-ний ахуй орчинд Сүнс-“Би”-гээрээ эдлэн үргэлжлүүлдгийг дэлхийн “Сүнс судлал”-ын 300 гаруй шинжлэх ухааны институтийн судалгаа, шинжилгээний мэдээллүүд нотлож эхлээд байна.

Сүнс-“Би”-гийн эдлэх жаргал, зовлонгийн физик хэмжээ, хугацаа бодит “Би”-гийн эдлэж өнгөрүүлсэн бодит жаргал, зовлонгийн физик хэмжээ, хугацаатай харьцангуй байх боловч квант чанарт шилжих тул тооцоолох боломжгүй, гэхдээ, бүх байдлын үндсэн шалтгаан нь бодит “Би”-гийн амьдралдаа үйлдсэн буян, нүглийн хэмжээ, харьцаанаас шууд хамааралд оршдог нь тогтоогджээ. Бодит “Би”-гийн амьдралынхаа туршид үйлдсэн буяны нь ч, нүглийн ч шалтгаан, нөхцөл нь тухайн хүний жудаг мөс, хүн чанар, сэтгэлийн нь ариусал, гэгээрлийн хөгжлийн түвшин, ёс зүйтэй шууд шүтэлцээтэй нь нууц биш үзэгдэл аж. Германы сонгодог философич И.Кант “Хүн чанар гэж хүний сэтгэл доторх хуулийг хэлнэ!” гэж томъёолсныг би хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж санал нийлдэг. Саяхан “Өдрийн Сонин”-д нэрт сэтгүүлч, нийтлэлч Ж.Сандагдорж “Монгол хүнд ёс жудаг, өөр юу байдаг юм, хамгийн элит хүнд байдаг бүх зан чанар бий. Бид хүнээс дутуу биш!” гэж цохон өгүүлсэн байна лээ. Тэгэлгүй яах вэ, юу үнэн, энэ үнэн байхгүй хаачих вэ! Монголчуудын генийг тодорхойлох нэг гол шинж чанар энэ л байхгүй юу, хэдийгээр цааш нь нэмэх үнэн олон бий ч математикийн “Аравтын систем”-д багтах нь мэдээж хэрэг. Монголчуудын жудаг мөс, хүн чанарын өндөр хөгжил бол энэ гайхалтай үндэстнийг түүхэн туршид нь “толгой өндөр” явуулсан бурханлаг, бахархалт үндэс сурвалж юм. Орчин үеийн монгол үндэстнийг тодорхойлох дэлхий атаархам нэг бахархалтай үнэн бол монголчууд бид өнөөдөр дэлхийн хамгийн залуу хүн амтай улсын ард иргэд!

Өнөөдөр Монгол улсын хүн амын тал хувь нь хориос доош насны үзэсгэлэнт хөвгүүд, охид, зөвхөн долоо, наймхан хувь нь л “Тэтгэвэрийн нас”-ны буурлууд, “Нийгмийн халамж”-ийн иргэд, тэгээд үлдэх насны ная шахам хувь нь хөдөлмөр, бүтээлийн хав хүч чадал, шинжлэх ухааны мэдлэг, боловсрол, ажлын туршлага ханамал залуус, идэрчүүл байна. Хүн төрөлхтний ирээдүй бол залуучуудын л бүтээх үйл хэргийн үр дүн юм. Дэлхийн хамгийн залуу, төгс төгөлдөр хөгжилтэй ард иргэдтэй улс орны хөгжлийн ирээдүй бол хүн төрөлхтний хамгийн атаархам, бахархам, хамгийн үлгэр дууриалт ирээдүй байх болно. Амьдралын агуулга, зорилгын ийм ойлголт, сэтгэлгээ, халуун сэтгэлийн суурь дээр хүмүүст улс үндэстэнээ, эх орноо хайрлах хайр, үндэсний ухамсар аглаг ойн амтат анхилуун жимс шиг боловсорч хүний үйл ажиллагааг бүхэлд нь удирддаг. Ухамсар бол хүний сэтгэлгээнд гарч буй маш чухал позитив үйл явц юм. Үндэсний ухамсар, үзэл санаа хүнд бүрдэх, боловсрох, тогтнох, хөгжих нь хэмжээнийхээ хувьд ч, үйл ажиллагаа болж хэрэгжих бодит чанар, чадамжийнхаа хувьд ч харьцангуй шинжтэй үзэгдэл боловч гол нь хүн өөрийнхөө үйл ажиллагаанаас юу нь эх орныхоо хөгжилд дорвитой ач холбогдолтой, эсрэгээр, юу нь сөрөг үр дүнтэйг ялган тусгаарлаж хатуу ухаарсан оюун санааны нь хөгжлийн түвшинг тодорхойлох үйл явц юм.

Хүний оюун санааны амьдрал ч, үндсэндээ, хүний бодит амьдралд чухам юу чухалыг тов тодорхой ухаарч, тэгээд, тэр чухалд л амьдралынхаа цаг хугацааг зарцуулах сонголт хийж, шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үйл явц байдаг. Энэ үйл явцын үр дүнг ухаалаг амжилтанд хүргэх, нийгмийн харилцааны чиглэлд нөлөөлөхүйц үүрэг хариуцлагатай үйл ажиллагаа юм уу, түүх болгох гол хүчин зүйл нь, юуны өмнө, үндэсний ухамсар, эх орноо хайрлах хайр сэтгэл л байдаг. Монгол хүн бүр өнөө залуу хөгшингүй бодолдоо хадмаар, “Яагаад?” гэж өөрөөсөө асууж өөрөө заавал хариулт олмоор нэг гашуун үнэнд сэтгэл эмзэглэмээр байна. Юу гэвэл, дэлхий дахин амьдралынхаа бүх асуудлыг монголчууд бидний ямар ч оролцоогүйгээр, өөрсдийнхөө хүссэнээр өөрсдийнхөө эрх ашигт зориулан шууд шийдэж чаддаг, хүн төрөлхтөн яаж амьдрахаа, ямар зам сонгохоо монголчууд бидний оюун санааны болоод арга, туршлагын өчүүхэн ч хувь хэмжээ, өчүүхэн ч нөлөөгүйгээр өөрсдөө л мэддэг нь бодит үнэн байсаар байна. Хүн төрөлхтөн бидний үйл ажиллагааны хэрэгцээгээр дутахгүй, “Монгол Улс”, “Монгол үндэстэн” гэж өнөөдөр дэлхий дээр байсан, байгаагүй ялгаагүйд тооцогдохыг тэвчин хүлцэх ямар хүнд гуниг төрүүлнэ вэ? Дэлхийн үйл явц Монголгүйгээр, монголчуудгүйгээр өрнөдгөөрөө өрнөж, хөгждөгөөрөө хөгжин урагшилж, биднээс юу ч, хэзээ ч асуухгүй, юу нь ч биднээс хамаарахгүй, бид юунд нь ч хэрэггүй, хэрэгцээгүй байгаа нь яасан гутралтай, өөрөөсөө яасан ичилтэй, агуу түүхт эх орныхоо өмнө яасан гэмшилтэй юм бэ? Гэхдээ, дэлхийд, хүн төрөлхтөнд ямар ч буруу байхгүй, бид өнөөгийн дэлхийд, хүн төрөлхтөнд тоогдохгүй, биднийг ахуй амьдралынхаа гадна байлгаж чадаж байгаа нь бид тэдний анхаарлын тойрогт багтаж эргэлдэх үндэсний бүтээлгүй, тэдний оюун санааны хэрэгцээнд тусах философи сэтгэлгээний хүчирхэг хөгжилгүй, бодит материаллаг амьдралд нь нөлөөлөх чадамжгүй, харин өөрсдөө амьдралынхаа бүхий л хэрэгцээгээр бусдаас дандаа хараат практикаар амьдардагийн буруу юм.

Дэлхий дахины ийм үл тоомсорлогч, үл хайхрагч хандлагатай цаг хугацааг барахад ч, эвлэрэхэд ч монгол сайхан ээж, аавын үрс бидэнд юутай хэцүү, сэтгэлд юутай аймшигтай, гэмшилтэй юм бэ? гэж хааяа бодогдох агаад “Ийм санаа бодол ганц надад ч биш, бүгдэд маань л амьдралын маань аль нэг өдөр адилхан л төрдөг байхдаа! ” гэж бусад олон та нарыгаа өрөвдөх сэтгэлээр ийнхүү өөрийнхөө хувийн амьдралын нууцхан гуниг, шаналгааг дэлгэж сууна даа, уучлаарай! Өнөөдөр бодит орчлонгийн болоод нийгмийн амьдралын үйл явц нэлээд сонин, шинэ, гайхширалтай шинж чанартайгаар өөрчлөгдөж урьд өмнө төсөөлөгдөж байгаагүй пост нөхцөл үүсгэж байгааг дэлхийн шинжлэх ухааны эрдэмтэд, сэтгэгчид хаа сайгүй мэдээлж эхэлжээ. Орчлонгийн болоод хүний амьдрал шугаман бус, олон хэмжээст, огторгуйллаг, нийлмэл нарийн, асар эсэргүүцэл, тэмцэл агуулсан үзэгдлээс гадна хүний өөрийн нь мөн чанар материаллаг ч үндэстэй, материаллаг бус, антиматериалаг, сүнслэг, оюун санаалаг ч үндэстэй нь улам бүр хүлээн зөвшөөрөгдөх болж хүний үйл ажиллагаанд ч, орчлонгийн бодит үйл явцад ч санаандгүй, тооцоолж байгаагүй хачирхалтай парадокс үзэгдлүүд улам бүр илэрч мэдэгдэх болж байгаа юм байна.

Ийм шинэ шинэ чанарт үзэгдэл, үйл явцыг үүсгэж буй нөхцлийг “Постмодернист нөхцөл” гэж үзэж энэ нөхцөл дэх үзэгдлүүд нь хүний танин мэдэхүйд баригдахаасаа үл баригдах нь илүүтэй хаос шинж чанартай үзэгдлүүд тул учир шалтгааныг нь тайлахын тулд шинжлэх ухааны мэдлэгийн нэгдмэл хэлбэр- нэг онолоор тайлбарлах позитив аргаас татгалзах, эргэлзэх, үл итгэх, орчлонгийн ч, нийгэм хүний амьдралын ч мөн чанарыг ойлгох сэтгэлгээ “Мэдэх”-ээсээ “Мэдэхгүй” рүү, “Хариулах”-аасаа “Асуух” руу, “Дүгнэх”-ээсээ “Төсөөлөх” рүү шилжих, орчлон дотор өрнөж буй үйл явцуудын зарчим нь шийдвэрлэшгүй, тодорхойлшгүй онцлог шинж чанаруудаа илрүүлэх болж буйгаас үүдэн логик шинжилгээ, судалгаа, мэдлэгийн үр ашигт өгөх үнэлгээг шинэчлэх, үл мэдэгдэх үзэгдлүүдийн нууц руу олон эшт үзэл бодолд тулгуурлаж нэвтрэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэнүүдээс зугатах, ер, шинжлэх ухааны сэтгэлгээнд нотлох баримтаас илүүтэй шинэ санаа гаргаж дэвшүүлэх санал солилцоонд их ач холбогдол өгдөг болж буйг бид анхаарах шаардлагатай болж байна! Дэлхийн эдийн засаг-үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжлийн үйл явцаар зарим улс орны материаллаг хөгжлийн цаашдын зорилго, чиглэлд ч санаанд оромгүй мөрөөдлийн сэтгэхүй биежиж буй нь хүн төрөлхтөн хэтдээ дэлхийн гаднах гараг эрхэс дээр амьдрах орчин нөхцлөө бүтээх, тийм бололцоог сансрын хязгааргүйгээс хайх оролдлого бодитой хийж эхэлжээ.

“Хөх толбо” сонины саяхны нэг дугаарт нийтлэгдсэн мэдээллээр, “NASA”-гийн захиргааны дарга, сансрын нисгэгч Билл Нельсон “Politico” хэвлэлийн телевизээр мэдэгдэхдээ “АНУ сансрын өрсөлдөөнд оролцож байгаа нь баримт. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний нэрийн дор Хятадуудыг саран дээр илүү их байр эзлүүлэхгүйн тулд бид илүү их ажиллах ёстой нь үнэн. Эс тэгвэл тэд дэлхийн дагуул дээр илүү баялгийн нөөцтэй болж тэд бидэн рүү, Цаашаа бай, энэ манай газар нутаг, бид нутаг дээрээ л байна гэнэ шүү!” гэж анхааруулжээ. Билл Нельсоны бодлоор бол сарны төлөөх АНУ, Хятадын өрсөлдөөн улам шаргуу, ширүүн болж буй бөгөөд хэн нь ялагч болох нь ирэх хоёр жилд тодорхой болох юм байна. Ийнхүү дэлхийн хөгжлийн үйл явц үнэмшихэд бэрх хурдтай эрчимжиж, орон зайгаа ихээр тэлж, шинэ шинж чанарын үе шатандаа орон өөрчлөгдөж буй нь бодит үнэн боллоо. Оюун билгээр дэлхийн хэнээс ч үл дутах байгалийн бэлэг өгөгдөхүүн төгс, гоо сайхан, ухаан, цөс тэгш халуун монгол сэтгэлт, Мөнх тэнгэрийн хүчин ивээл дүүрэн хүүхэд, дүү нар, иргэдэд минь өнөөгийн дэлхийн хөгжлийн “постмодернист нөхцөл”-д тун бодууштай, магадгүй тун чухал, зайлшгүй хэрэгтэй болж ч мэдэх “Гурван зөв”-ийг хэрэгжүүлвээс тустай байх болов уу? гэж бодогддогоо буруу ч байг яах вэ, энд учирлахыг хүсэх минь:

Нэгд, “Монгол Улс” дэлхийн хөгжилд дутагдах байр суурьтай, дэлхийн амьдралын алив чухал асуудлыг шийдвэрлэхэд жинтэй оролцоотой, хүн төрөлхтний материалаг ахуйд гарцаагүй дутагдах хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс, мөн, оюун санаа, философи сэтгэлгээний орчин үеийн сонгодог бүтээлүүдтэй улс орон болж бусад улс үндэстнүүдтэй нийгмийн хөгжлөөрөө зэрэгцэн орших, тэдэнд үнэ хүндтэй түнш байх эрхийг олох түүхэн шаардлагыг олон жилээр хойшлуулалгүй гүйцэлдүүлэх; (Алтай, Хангайн завсарх онгон дагшин, эрдэс нөөцөөр баялаг газар нутаг бол бидний бүтээл биш, Бурханы бүтээл, бидэнд хувь заяанаас бэлэглэсэн агуу бэлэг, харин, зөвхөн “Монгол Улс” гэдэг нь яах аргагүй бидний бүтээл бөгөөд бид ямар байна, тэр үнэнээр “Монгол улс”-ын ямар улс байх үнэн тодорхойлогдох юм ! )

Хоёрт, Хүмүүнд сэтгэл нь ноён, бие нь боол байдаг үнэн тэнгэрээс тогтоосон ёс хэмээх тул бид бүгдээрээ нэг иргэнлэг, хүчирхэг, түүхэнд орь шинэ сонин “нэгэн үзүүрт сэтгэл”-ийг үндэстэнийхээ хэмжээнд үүсгэн, өөрсдийнхөө амьдралд юу хэрэгтэйг өөрсдөө бүтээж чаддаг болох, эс бөгөөс, эсрэгээр, өөрсдөө юу бүтээж, хийж чадаж байгаагаараа амьдарч сурах, амьдралынхаа материаллаг хэрэгцээг уужуу сэтгэл ухаанаар зохицуулан тохируулж бусдаас дутуугүй сэтгэл санаа хангалуун амар амгалан, аз жаргалтай инээмсэглэж явах “дотоод ертөнц”-ийн өндөрлөг, гэгээрэл, ёс суртахууны хөгжилд хүрэх;

Гуравт, “Хүн нэг үхэхээс хоёр үхэхгүй!” гэж ягштал итгэдэг хүн төрөлхтний сэтгэхүйн үхширмэл буруу ойлголт, хоцрогдмол, прагматик, зөвхөн “бодисын солилцоо”- ны хугацааны материалист ухамсарыг өөрчлөн шинэчлэх, цаашлаад, өнөөдрийн хүн төрөлхтний сэтгэхүйд хэвшмэл гоо сайхны үзэл, хандлагыг ч эрс өөрчлөх философи сэтгэлгээний “шинэ хувьсгал” хийж хүн төрөлхтнийхөө ирээдүйг шинэ түүхээр баяжуулах, эдгээр зорилго, үйлд бид нэгдмэл сэтгэл, үзэл санаагаар зүтгэвээс орчин үеийн олон эшт үзэл бодлын эрэлхийлэлд татагдаж буй шинэ үеийн хүмүүс биднийг нэг их шоолохгүй болов уу! хэмээн санана. Мэргэд гэгээдийн номонд айлдсан нь, “Өөртөө тусалсан хүнд л Бурхан тусалдаг!” гэх бөгөөд бид өөрсдөө л санаа зорил нэгдэн мятралгүй хичээвээс “Мөнх хөх тэнгэрийн хүчин” туслах нь магад гэж хувьдаа итгэнэ.

“Цаг эргэх” гэж монголчууд ярьдаг. “Эргэх” гэдэг нь давтагддаг гэсэн утгатай ойлгогддог ч ямар зарчим, хэлбэрээр эргэдэг, давтагддагийг илэрхийлээгүй бололтой үлддэг. Харин К.Маркс байхаа, түүхийн болоод цаг хугацааны давтамж спираль хэлбэрээр явагддаг гэж томъёолсон нь үнэнд нэлээд ойртсон тодорхойлолт байж магадгүй ч үнэмлэхүй үнэнийг танин мэдэх сэтгэлгээний түвшинд хүн төрөлхтний оюуны хөгжил хараахан хүрээгүй тул сэтгэлгээний эрлийг үргэлжлүүлэх шаардлагатай юм. Юутай ч цаг цагаараа байдаггүй нь үнэн юм байна. Өнөө ч цаг үе өөр болж монголчууд бидэнд шинэ түүх, шинэ амьдрал эхэллээ.

Нийгмийн харилцаанд ч, амьдралын маань хэвшил, загварт ч ардчиллын ёс журам тогтож (онолчид ардчилал бол хариуцлага, боломж, оролцоо, сонголт, шийдэл гэж үздэг), эх нутаг маань хэдийгээр, гадаад далайд гарцгүй ч дэлхийн философи онолууд, соёл, урлаг, шинжлэх ухаан, техник-технологийн хөгжилд чөлөөт “коридор”-той шинэ үе эхэлж, Монгол улс дэлхийд манлайлах ирээдүйтэй залуу иргэдтэй Алтай, Хангайн завсрын өргөн удам орон зайг эзэгнэсэн шинэ улс болов. Шинэ үзэгдэлд уламжлал, шинэчлэл голдуу хүч түрдэг нь амьдралаас харагддаг ил үнэн юм. Шалтгаан нь, уг үзэгдлийн шинж чанарын бодитойд хийгээд зөвд оршдог. Учир нь, амьдралд хамгийн хүчирхэг юм бол “зөв юм” л байдаг. Монголчуудын “Хаан” нь зөв, шударга, бүтээлч хөдөлмөр л байж гэмээн Монгол улс нийгмийн жинхэнэ хөгжилд хүрнэ. Зөв, шударга, бүтээлч хөдөлмөрийн “Хаант Улс”-ыг байгуулж,өнө эвлэж чадсан ганц нөхцөлд л Монгол Улс мөнх бус орчлонд харьцангуй мөнх орших боломж бүрдүүлнэ. Өөр боломж байхгүй!

Аль ч улс үндэстний эх орон олон хэцүү түүхийн зовлон туулдаг байх, би бүгдийг нь мэдэхгүй, харин бодоход, хамгийн хэцүү зовлон нь оюунлаг бус, хүнлэг бус, шударга баатарлаг хөдөлмөрч бус, ариун гэгээн бус, адаг бэртэгчин хүмүүсийн эх орон байх “ичгүүрийн зовлон” байдаг байж магадгүй. Хэрэв үнэнхээр тийм бол, миний бодлоор, эх орноо хэзээ ч, юугаар ч ичих зовлонгүй байлгахаар амьдрах л хүний амьдралын нэг гол зорилго юм даа! гэж бодогддог.

Бас тэгээд “Монгол хүн бүр дотроо, ганц би ч биш, бид бүгдээрээ ав адилхан сайхан амьдрах ёстой! Энэ нөхцлийг би өөрийнхөө ариун хөдөлмөрийн үрээр бусдынхаа хамт нийгмийнхээ хөгжлөөр хангуулахын тулд л амьдрах ёстой! Үүний тулд Тэнгэр намайг монгол хүн болгож миний ээжээс төрүүлсэн, хэрэв ийм үүрэг, зорилго надад Мөнх тэнгэрийн ивээл, Монголын уул, усны эздээс оноогоогүй бол би “Би” болж төрөхгүй байсан! гэж бодож хөдөлмөрлөдөг үндэсний үзэл, ухамсартай, монгол халуун элэг сэтгэлтэй амьдрахсан!” гэж үргэлж хүсдэг юмаа. Эх орон тавхан авиа, зургаахан үсгээс бүтэх эгэл жирийн үг, эгэл жирийн ойлголт боловч утгыг нь бодоод байх тусам цаашаа улам задраад, улам гүнзгийрээд байх олон нууцтай эгэлгүй утгатай ойлголт болох нь наслах тусам, ойлгох тусам, улам тод ойлгогдоод хавирган цаагуур ч, наагуур ч хачин халуун оргиулаад байдаг. Би адуу л нутгаа тэмцэж хавар, намраар нутаг руугаа гүйдгийг мэддэг байлаа. Тэгтэл, нэг өдөр үнээ ч бас нутаг руугаа гүйдгийг мэдээд (хөдөө төрж өссөн монгол хүн байж монгол ахуй амьдралаа бага мэддэг ичгэвтэр хүн юм! ) “Үхэр чинь арьсаа дүүрэн үстэй, духнаасаа ургасан эвэртэй, ус уухаа, өвс идэхээ л мэддэг адуус шүү дээ, хаана нь нутаг нугаа санах, тэднээсээ хол байж чадахааргүй адгуулах тийм эзтэй хүчирхэг нууц юм юу байдаг юм бол? Хүнийг хүн болгодог өнөө далд “халуун юм” үхэрт ч адилхан байдаг юм байна! гэж бодоод баярлахдаа золтой л эс уйлчихалгүй тэссэн! Монгол нохой ч бас тун айхтар амьтан юм байна.

Битүү бүхээгтэй ачааны тэргэнд шөнө ачаад нутаг, хотноос нь 800 гаруй км алс газар аваачсан нохой гинжнээсээ сулармагц хэдхэн хоногт хотондоо гүйгээд оччихсон гайхалтай баримт ч байдаг. Шинжлэх ухаанд нээгдээгүй тийм “байгалийн хэл”, дуудлага, мэдээллийн нууцлаг “гүйдэл” амьтны төрөлх газар шорооны “соронзон орон” гэхээр тийм нэг “амьд хүч”-ийг хурцаар мэдрэх мэдрэмж монгол амьтдын арьсан цаана байдаг юм байна, Бурхан минь! Үхэр, нохойны энэ сэрэл, мэдрэмж, зөн совингийн ятгалга нь байгалийн инстинкт гэж дордшаахаар ч сэрэхүй, мэдрэхүй бус, хэрэв түүнийг хүний амьдрал, ухаарал дээр буулгаад бодвол, нутаг усаа, эх орноо санах, хайрлах ухамсарт хайр юм. Энэ хайр л хүнд үндэсний ухамсар, үзэл санаа боловсрох, хөгжих анхдагч байгаллаг суурь юм. Хэрэв хүн улс нийгмийнхээ хөгжилд үнэнхээр бодитой үнэ цэнтэй сайн сайхан үйл хэрэг бүтээж чадсан байгаа бол тэр үйл хэрэг, юуны түрүүнд, эх орноо хайрлах хайраар л, ард түмнээ, хүн төрөлхтнөө хайрлах сэтгэлээр бүтээгдэж байгаа, хэрэв хайрлах юм юу ч үгүй байсан бол тэр хүн юу ч хийсэн зөвхөн амин хувийнхаа эрх ашгийн төлөө л үхэн хатан зүтгэж хийсэн үтэл бэртэгчний ажил байдаг, тэр нь тэгээд нүд анихтай нь зэрэг хумхийн тоос болоод улс нийгэмдээ хэрэг тусаа бардаг түүхтэй юм.

Хүн амьдралаа дурсгалтай, үнэ цэнтэй амьдрал болгоход хамгийн чухал нь хамгаас илүү хайрладаг юмтай, тэр юмандаа өөрөө хамгаас илүү их хэрэгтэй (юуны өмнө чадаж гэмээнэ маш олон хүмүүст), үнэнхээр их чухал хэрэгтэй байгаа нь өөрт нь бодитой мэдрэгддэг, мэдэгддэг байх ёстой юм. Хүн хэчнээн олон хүний амьдралд хэрэгтэй байж тэдэнд хайрлагдаж, амьдралд нь үгүйлэгдэж, дутагдаж байгаагаар л хүний жинхэнэ үнэ цэн тодорхойлогдоно. Хүмүүсээс, нийгмээс хүний үнэ цэнийг тодорхойлсон тэр үнэлгээгээр л тухайн хүний нийгэмдээ эзлэх байр суурийн үнэ цэн ч, эх орон, ард түмнийхээ түүхэнд үлдэх цаг хугацааны хэмжээ ч тодорхойлогдоно.

Хүн энэ насандаа алдарт түүхтэй, аз жаргалтай амьдрахын тулд хамгийн чухал нь, хамгийн түрүүнд улаан голоо тасартал хайрладаг үнэн бодит үнэ цэнтэй юмтай байх хэрэгтэй байдаг. Хүний тийм хайртай юм хэчнээн олон, хайрын нь хүч, хүчдэл эрчим, идэвхжлийн эрч хичнээн их байх тусмаа хүн төчнөөн их аз жаргалтай амьдрах болно. Хүн хэдийгээр агуу чадвартай, биологийн ашигтай нөөцтэй амьтан ч бодит амьдрал дээр тийм их олон юмыг хайрлаж чаддаггүй, тийм боломж, бололцоог ч амьдрал олгодоггүй. Гэвч, дэлхийн бүх юмыг хүнд орлож чадах хоёрхон юм хүний амьдралд бодитой байдаг нь эх орон, ард түмэн хоёр нь юм. Харин ард иргэд нь хайрладаггүй эх орныг хэн ч хайрладаггүй, бусад хүмүүс зөвхөн эрх ашгийнхаа үүднээс байлдан эзэлдэг. Ард иргэд нь амиа тавин хайрладаг эх орон л сүүлчийнхээ иргэнээ амьсгаагаа хураатал тусгаар тогтнон бардам оршдог.

Өнөөдөр Монголын маань залуус, идэрчүүл, иргэд бүр юу бодож, хоорондоо юу ярьж, ямар хүсэл мөрөөдлөөр амьдарч хөдөлмөрлөж байна? гэвэл, “Эх орондоо сайхан амьдрая!” гэдэг үндэсний ухамсар, сэтгэлийн дуудлага, ариун зорилгоор цаг мөчтэй бүртэй “Алсын хараа”-тай уралдан зүтгэж байхад хэн ханахын чинээгээр баярлахгүй, баярынхаа нулимсаар хацраа халуу оргиулахгүй, хөмсөг зангидан сууж чадах вэ, тэгээд л би “Монголчууд бид чинь тэнгэр дээдсийнхээ язгуураас бүтэхдээ л үйлс, зорилгоосоо сэтгэл хазайлгүй тэмцсээр цагийн хэдийд ч зорьсондоо заавал хүрдэгээр бүтсэн мадаггүй заяатай ард түмэн билээ л!” гэж дотроо бодон омог, цөс огшиж, хүүхэд, дүү нэр, иргэд олныхоо дэлхийд бахдуулах ирээдүйн алдар, гавьяат түүхэн хөгжилд өөрийн өтөл бие, өчүүхэн оюуны хувь хандивыг шальтай нэмэрлэж чадахгүй ч Монголын минь цог жавхлант, мятаршгүй хөдөлмөрч ард олныхоо ариун үйлсийн барагцаалшгүй өндөр амжилт, ялалтанд бат итгэхийн учирт энэхүү нууцгүй бодлынхоо захидлаар улаалан амар мэндийг ерөөн ёсоллоо.

Д.Урианхай (Бодь сэтгэл, Эв хамт ёс- Ганцаарчилсан хөдөлгөөн)

2023 оны гуравдугаар сарын таван,

“Алтан Тэвш”-ийн хөндий

Амлалт.мн

Авлигатай тэмцэхэд ард түмний дэмжлэг оролцоо чухал
Авлигатай тэмцэхэд ард түмний дэмжлэг оролцоо чухал
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан тогтоолыг дагаж мөрдөнө

Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан тогтоолыг дагаж мөрдөнө

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтоо “E-Mongolia”-аас аваарай

Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтоо “E-Mongolia”-аас аваарай

“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.9 хувиар өслөө

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.9 хувиар өслөө

ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ 126 ГИШҮҮН “ҮР ДҮНТЭЙ” ГЭДГИЙГ  ТОДРУУЛЖ ӨГӨВ ҮҮ

ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ 126 ГИШҮҮН “ҮР ДҮНТЭЙ” ГЭДГИЙГ ТОДРУУЛЖ ӨГӨВ ҮҮ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээх боломжтой боллоо

Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээх боломжтой боллоо

Иргэд салбарын бодлогын нь  бурууг шүүмжилсэн төдийд  Ч.Номин сайд  “балбууллаа” хэмээн  бухимдав

Иргэд салбарын бодлогын нь бурууг шүүмжилсэн төдийд Ч.Номин сайд “балбууллаа” хэмээн бухимдав

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ Мэдээ  2024-11-06

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ Мэдээ 2024-11-06

Эрт илрүүлэгт хамрагдсан НЭГДҮГЭЭР ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй байна

Эрт илрүүлэгт хамрагдсан НЭГДҮГЭЭР ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонслоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонслоо

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов

“Эрдэнэс Тавантолгой” ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов