УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Тус асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “10 жилийн өмнө ярьж байсан юмыг өнөөдрийн чуулган дээр яриад л байж байна. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл дандаа төлөөллөө оруулдаг. Би нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байхдаа эм, эмнэлэг дагасан бүлэглэлтэй үнэхээр тэмцэж эхэлсэн. 1 долларын эмийг 100 доллароор оруулж ирж зарж байгаа. Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй эмийг оруулж ирдэг асуудал байна. 3400 төгрөгийн эмийг 35 мянгаар зарж байсан. Энэ асуудалтай тэмцсэн. Цаашдаа энэ асуудалд маш анхааралтай хандахгүй бол болохгүй нь” гэв.