Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх эдийн засгийг дэмжих эрчим хүч, төмөр зам, авто замын төслүүд, тэдгээрээс хүртэх боломж, үр өгөөжийн талаар ярилцлаа.
-Дорнод аймагт одоогоос бараг 20-оод жилийн өмнө сэтгүүлчийн хувьд ажлын томилолтоор ирээд буцаж байлаа. Хэдий 20 жилийн дараа ирж байгаа ч мөн л ирээд буцахын хооронд аймаг хэр хөгжсөнийг хөндлөнгөөс дүгнэнэ гэвэл учир дутагдалтай. Тиймээс танаас хамгийн түрүүнд Дорнод аймаг сүүлийн 20 жилийн хугацаанд хэрхэн хөгжиж хэр өөрчлөгдсөнийг томъёо шиг ганцхан өгүүлбэрээр илэрхийлж өгөөч гэж хүсэж байна?
-Дорнод аймгийн Чойбалсан хотыг нийслэлийн дараа орох аж үйлдвэржсэн хот болгох зорилгоор социализмын үед төлөвлөж хөгжүүлсэн онцлогтой. Хөнгөн, хүнсний үйлдвэрлэл болох мах, гурил, ноос, хивсний үйлдвэрээс эхлээд тоосго силикатын үйлдвэр энд ажиллаж байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед үйлдвэрүүд бүгд хувьчлагдаад зэрэг шахам хаалгаа барьсан. Аж үйлдвэржсэн хот болгох зорилгоор хүн ам нь аймгийн төвдөө төвлөрөн хөгжиж байсан энэ аймагт үйлдвэрүүд хаагдах үед олон мянган хүн шууд ажилгүйдэл, ядуурал руу шилжсэн. Бусад аймагт хүн амын талаас илүү хувь нь хөдөөдөө, мал аж ахуйд ажиллаж байсан бол Дорнодод хүн амын ихэнх нь буюу 60 хувь нь үйлдвэрүүдээс хамааралтай амьдарч байсан учраас энэ нь иргэдэд хүнд цохилт болсон. Аж үйлдвэрийн салбар уналтад орохтой зэрэгцэн ДНБ унаж, ажилгүйдэл, ядууралд өртсөн. Үндсэндээ Дорнод аймаг сүүлийн хэдхэн жилд өөрийн аясаар байгалийн нөөц, хуучин дэд бүтцийн тулгуур суурь дээр сэргэж байгаа нь л энэ. Сүүлийн 10 гаруй жилд нь л органикаар сэргэж байгаа гэсэн үг. Манай аймаг 2020 он хүртэл ДНБ-ий хэмжээгээр Орхон аймгийн дараа улсад хоёрдугаарт явсан. Харин цар тахал нүүрлэсэн сүүлийн жилд Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймаг манай аймгийн урд орж ирсэн.
-Социализмын үед Дорнод аймгийг газар зүй-эдийн засгийн онцлогийг нь тооцоолж судалж байж аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлэх зорилго тавьсан байж таарна. Сүүлийн үед органикаар сэргэж байгаа боловч тэр үеийн судалгаа, үндсэн өгөгдөл дээр сэргэж байгаа байх. Орос, Хятадтай ойр байршилтай, уул уурхайн баялагтай, газар тариалан эрхлэхэд таатай гэх мэт?
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед улс үйлдвэрүүдээ ашигтай ч бай, үгүй ч бай ажиллуулж байсан. Одоо зах зээлийн зарчим өөр л дөө. Эдийн засгийн өсөлтөөр манай аймгийн өмнө Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ аймаг урагш түрж орж ирсний учир шалтгааныг амихандаа судалж байна. Яагаад энэ аймгууд ДНБ-ий өсөлтөөр тэргүүлээд эхлэв гээд харахаар эдгээр аймагт нийтлэг нэг зүйл байгаа нь Өмнөговь аймаг гэхэд хилийн боомттой, гадаад худалдаа нэмэгдсэн, нүүрсний экспорт хэдэн сая тонноор хийж байна. Оюутолгой, Тавантолгой гээд Монголын хамгийн том хоёр төсөл тэнд хэрэгжиж байна. Үүнийг дагаад эдийн засгийн маш эрчимтэй үйл ажиллагаа өрнөж байна. Орхон аймаг Эрдэнэт үйлдвэртэй, эдийн засгийн багтаамж томтой, энэ байр сууриа алдахгүй байгаа. Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр барьж байна, аж үйлдвэрийн парк байгуулагдахаар байна. Монголын хамгийн их урсгалтай Замын-Үүд боомт ажиллаж байна. Сэлэнгэ гэхэд Алтанбулагийн боомтоо дагаад гадаад худалдаа эрчимтэй явагдаж байна. Тэгэхээр үндсэндээ гадаад худалдаа, экспорт гэдэг зүйл эдийн засагт ямар чухал вэ гэдэг нь энэ статистикаар л харагдаж байна. Тэгэхээр бид хоёрдугаар байрнаас ухарлаа. Энэ нь гадаад худалдаагаа сайжруулах шаардлага байна аа гэж ойлгогдож байна.
-Та гадаад худалдаа, хилийн боомт, уул уурхай, бүтээн байгуулалт өрнөж байгаа аймгуудад эдийн засаг эрчимжиж байгааг хэллээ. Тэгэхээр Дорнод аймгийн хувьд өсөлттэй явж байсан ДНБ-ээ томруулах, эдийн засгаа идэвхжүүлэх дараагийн хөдөлгүүрээ юу гэж харж байна вэ?
-Бидэнд дутагдаж байгаа нэг том зүйл байгаа. Тэр нь Дорнод бүс нутаг. Тэр дундаа Дорнод аймгийн хөгжилд Монгол Улсын Засгийн газраас макро түвшний хувьд үзүүлэх дэмжлэг маш чухал байгаа. Энэ хүрээнд шинэ Засгийн газар, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас урд өмнө хэзээ ч байгаагүй том хөрөнгө оруулалтын ажлыг Дорнод аймагт энэ 2022 оноос эхлүүлж байна. Энэ нь хатуу хучилттай хоёр чиглэлийн авто зам шинээр барих төсөл. Нэг нь Оростой харилцдаг Ульхан боомт чиглэлийн буюу Дорнод аймгийн Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх авто зам. Хэнтий аймгийн Өндөрхаанаас Ульхан боомт чиглэлийн замыг мөн тавьж байгаа. Хоёр талаас Ульхан боомттой авто замаар холбогдсоноор ОХУ-тай харилцдаг тус боомтыг сэргээх, хоёр талдаа аялал жуулчлал, гадаад худалдааг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Энэ нь Хэнтий, Дорнод гээд зүүн бүс нутагтаа ихээхэн чухал. Нөгөө чиглэл нь Чойбалсан хотоос Хавиргын боомт хүртэл 124 км хатуу хучилттай авто зам. Чойбалсан хот нийслэлтэй Мянганы замаар холбогдсон, одоо эндээсээ Хятадтай харилцдаг Хавиргын боомт хүртэл замаар холбогдоно гэдэг нь Монгол Улс Зүүн Хойд Азитай хатуу хучилттай авто замаар холбогдчихлоо гэсэн үг юм. Тэгэхээр Засгийн газар авто замын энэ хоёр төслийг хэрэгжүүлснээр гадаад, дотоодын аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх, цаашлаад ашигтай болгох боломжийг бий болгоно. Манай иргэд үргэлж Манжуур явдаг биш манай улсад нөгөө талаас орлого ордог, жуулчид ирдэг болох ёстой. Хатуу хучилттай энэ зам ашиглалтад орсноор манайхан барилгын материалыг зөвхөн Замын-Үүдийн боомтоор авдаг биш зарим төрлийн барилгын материал, өргөн хэрэглээний өөрсдөө үйлдвэрлэдэггүй бараагаа Хавиргын боомтоор импортоор авдаг болох. Монголоосоо зүүн бүс нутагт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн мах, хадлан тэжээлийг экспортлох боломж энэ замыг дагаад бий болно. Би яагаад энэ замыг чухалчлаад байна вэ гэхээр далайд гарцтай улс орнуудад бараа бүтээгдэхүүний өртөгт тээврийн зардал нэг хувиас бараг хэтэрдэггүй. Яагаад гэвэл усан онгоцонд барааг их хэмжээгээр нэг дор ачдаг учраас зардал багатай. Монголд өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол энэ тээврийн зардал. Тиймээс бид ядаж төмөр замаа тавиагүй байлаа гэхэд хатуу хучилттай авто замтай болох хэрэгтэй. Тэгэхгүй бол жуулчид юу гэж шороон замаар явах вэ, бараа таваарыг шороон замаар тийм хол тээвэрлээд яаж явах вэ. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа авто замын бүтээн байгуулалт Дорнод аймаг, зүүн бүс нутгийн хөгжилд маш том дэм үзүүлэх юм. Хоёр дахь том хөрөнгө оруулалт нь Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил.
-Дулааны цахилгаан станцтай байна гэдэг хөгжлийн хамгийн том суурь хүчин зүйл. Одоо хүчин чадлыг өргөтгөнө гэхээр цаашид үйлдвэрлэл хөгжихөд бас нэг том зүтгүүр нэмэгдэж байна гэсэн үг?
-Дорнод аймаг Дулааны цахилгаан станцтай гэдгээрээ давуу талтай. Сүхбаатар аймгийг цахилгаанаар хангаж ирсэн. Одоо манай Станцын цахилгаан эрчим хүчний хүчин чадал таазандаа тулчихаад байгаа юм. Ямар ч нөөц байхгүй. Дорнод, Сүхбаатарын ашигт малтмалын ордуудыг ашиглах гэхээр эрчим хүчний дутагдалтай байгаа. Тэгэхээр 36 мегаваттын хүчин чадалтай станцыг 50 мегаваттын хүчин чадлаар нэмэгдүүлэн өргөтгөх ажил 2023 онд дуусна. Зүүн бүс нийт 86 мегаваттын эрчим хүчний эх үүсвэртэй болно гэсэн үг л дээ. Энэ бол Засгийн газраас хэрэгжүүлж байгаа том төсөл. Үүнийг орон нутаг өөрсдийн хөрөнгө оруулалтаар хийж чадахгүй шүү дээ.
Хөгжлийн ундарга бол цахилгаан, дулааны эрчим хүч мөн. Аймгийн төвд дулаан үйлдвэрлэл нэмэгдээд ирэхээр үйлдвэрлэл хөгжих бусад таатай нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, эрчим хүчний нүүрсний арвин нөөцтэй. Адуунчулууны орд гэхэд 400 гаруй сая тоннын нөөцтэй. Одоогийн энэ хүчин чадлаар ашиглана гэж үзэхэд 400 жилийн нөөцтэй.
Тэгэхээр Засгийн газраас дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй 86 мегаваттын эрчим хүчний үйлдвэрлэл бол зөвхөн эхлэл нь. Цаашлаад Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбогдоно гэсэн зорилт дэвшүүлээд байгаа. Зүүн Хойд Ази бол эрчим хүчний хомсдолтой бүс нутаг. Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт байгаа хэдэн зуун сая тоннын нөөцтэй олон том нүүрсний ордуудыг түшиглээд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их ирээдүй бий гэж харж байна.
-Сая хэлсэн хүчин зүйлүүдээс гадна олон улсын агаарын боомттой аймаг шүү дээ. Авто замын, төмөр замын боомтууд үүн дээр нэмэгдэж байна гэхээр хөгжлийн таатай нөхцөлүүд нэгэнт бүрджээ. Одоо цаашид үүнд суурилсан хөгжлийн бодлогууд илүү чухал болох нь?
-Төмөр замын нэг, авто замын таван боомт, агаарын нэг боомт. ОХУ-тай Ульхан, Эрээнцав гээд хоёр боомтоор, БНХАУ-тай Хавирга, Баянхошуу, Сүмбэр гээд гурван боомтоор холбогддог. Одоо Баянхошууны боомт нээлттэй, газрын тос экспортод гарч байна. Бусад нь цар тахлын улмаас хаалттай байлаа.
Монгол Улс өргөн уудам сунасан нутаг дэвсгэртэй. Баян-Өлгий, Дорнод аймагт хоёр улстай хиллэдэг. Манайх ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймагтай хил залгаа. Сүмбэрийн боомтыг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгуулсан юм. Боомт байгуулагдаад удаж байгаа. Хөлөнбуйр аймагтай гэхэд хоёр боомтоор холбогдож байна. Өвөрмонголын аймгууд боомттой болохыг их зорьдог. Боомт байгуулахдаа хоёр тал худалдааг хөгжүүлье гэж байгуулсан байдаг. Гэтэл манай гадаад худалдаанд тулгамдаж байгаа том асуудал байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр хоёр хөрш маань манай экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнд импортын өндөр хувийн татвар ногдуулдаг. Татвар 30 ба түүнээс дээш хувь. Энэ бол том асуудал. Шинэ сэргэлтийн бодлогод гаалийн тарифийг хоёр хөрштэй Засгийн газрын түвшинд хэлэлцэж бууруулна гэсэн зорилт байгаа. Энэ бол манай хөгжлийг хязгаарлаж байгаа хамгийн гол хүчин зүйл. Тэгэхэд АНУ, Хятад гэхэд гадаад худалдааны татвараас болоод ямар том асуудал дэгдэж, ямар их хатуу хоригтой тулж байгаа билээ. Тэгэхээр манай хоёр хөршийн гаалийн өндөр тариф том түгжээ. Үүнийг мултлах нь чухал.
Хоёрт нь, аялал жуулчлалын асуудал байна. Монголчууд аялаж байна. Аялахаас гадна худалдаа эрхлэхээр Замын-Үүдийн боомтоор хил гардаг. Манай Хавиргын боомтоор Манжуурыг зорьдог. Хэвийн үед өдөрт 1500-2000 хүн зорчдог. Тэд Манжуурт очиж жуулчлаад дээр нь гутал, шуба худалдаж аваад их хэмжээний валют тэнд тушаачихаад ирж байна. Манайд гадаадын аялал жуулчлал хөгжүүлэх гэхээр бид цаанаа л нэг сонин байдалтай байгаа шүү дээ. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэхээр. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэхэд… Би одоо юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Төвөгтэй л байдалд байгаа даа…
-Хоёр хөршийнхөө талаар таагүй ойлголттой гэж үү?
-Бид цөөхөн хүн амтай, хөгжил буурай орны хувьд бэрхшээл, зовлон байна л даа.
-Та зөвхөн хил орчмын аялал жуулчлалтай холбож ярьж байгаа боловч бүх л салбарт ялангуяа, хөрөнгө оруулалтад энэ хандлага их нөлөөлж байгаа. Хоёр хөршийнхөө талаар буруу ойлголттой, таагүй хандлагатай. Үүнийг нь зориуд дэвэргэдэг гадны сонирхол ч байдаг шиг анзаарагддаг. Хоёр хөршийн талаарх ойлголтыг залруулах, хандлагыг өөрчлөхийн тулд мэдээлэлжүүлэхээс эхлээд урт хугацаанд зорилготой ажиллах шаардлагатай байх?
-Бид бурууг бусдаас хайх хэрэггүй. Монголын асуудал бол бидний л асуудал. Монгол Улс хөгжихийн тулд засаглалын тогтолцоо нь зөв, иргэд нь төрдөө итгэдэг, иргэдийнхөө төлөө төр нь хамгийн зөв шийдвэр гаргадаг, хамгийн шилдэг боловсон хүчин нь төрийн албандаа ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлдэг ийм том арга хэмжээнүүдийг аваад хөгжихийн тулд өөрсдөө л хичээх хэрэгтэй болж байгаа юм. Манай иргэдийн буруу үйл ажиллагаа ч байгаа. Зөв санаад ирж байгаа хүмүүсийг шатаагаад явуулдаг ч юм уу. Эсвэл Монголынхоо талаар буруу ойлголт өгдөг ч юм уу. Би үүнийг ингээд аргална гэж хэлээд хууль журмаас гадуур ажлыг нь бүтээж өгөх гэдэг. Тэр нь сүүлдээ айхтар том гацаанд оруулаад яаж ч болохгүйд хүрсэн тохиолдлууд бий. Манайд өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай, тэр дундаа төрийн өмчийн компанийнх нь хэд хэдэн салбар газрын тосны, холимог металл олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байна. Бас өмнөд хөршийн иргэдийн хөрөнгө оруулалттай ажлууд эхэлсэн ч тэдгээр нь хууль журам зөрчсөн асуудлууд байгаад байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Хамгийн чухал нь Монгол Улсын хууль тогтоомж хөрөнгө оруулагчдад ийм байдлаар үйлчилнэ. Та ийм журмаар ажлаа эхэлнэ гэдгийг зөвлөн тусалдаг бүтэц байх ёстой гэж миний хувьд бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид уул уурхайн лиценз авчихаад ажлаа эхлүүлэхэд ч энэ зөвлөх үйлчилгээ дутагдаж байгаа санагддаг. Зөвхөн лиценз гээд цаасыг авснаар ажил хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ эрхийн бичиг байж болно. Үүнийг ашиглахын тулд дээр нь байшин барилга барина. Уурхайн эдэлбэр газарт хөрс хуулна, ус ашиглана, хог зайлуулна гэх ч юм уу бүх үйл ажиллагаа нь хууль журмаар явна гэдгийг ерөөсөө тооцдоггүй. Энэ талаар зөвлөгөө өгдөггүй. Бид Ашигт малтмалын газар, Уул уурхайн яаманд энэ чиглэлээр саналаа байнга хүргүүлж байгаа. Лиценз авсан хүмүүст гэрчилгээ өгөх хэрэгтэй. Машин жолоодоход сургалтад суудагтай адил энэ газрын хэвлийг ашиглаж байгаа, байгальд ийм том сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа уул уурхайдаа сургалт хийх хэрэгтэй гэж ойлгодог. Зарим хүнд инээдтэй санагдаж байж магадгүй. Гэхдээ яг яс юман дээр компанийн эзнээс гадна гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа, төлөөлж байгаа хүмүүс дунд нь хууль журмаа мэдэхгүй ч хүмүүс байна. Мэдсэн ч хэрэгжүүлэхгүй хүмүүс байна. Үүнээс болоод нутгийн иргэд уул уурхайнхны хооронд том маргаан үүсдэг. Хууль журам зөрчсөнөөс болоод. Тэртэй тэргүй хууль журмаа дагаад хийчих зүйлийг хууль зөрчөөд хийсний дараа энэ нь яах аргагүй гацаа болоод зогсдог. Үүнээс болоод асуудал үүсээд байгаа учраас гадаадын ч бай, дотоодын ч бай хөрөнгө оруулалт дээр Монгол төрийн албан тушаалтан, ажил хариуцаж байгаа хүн бүр хуулийн зүй зохистой зарчмыг ойлгуулж, анхнаасаа алдааг залруулаад дуу хоолой нэгтэй байвал дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгжиж болно оо гэж бодож байгаа. Энд нэг албан тушаалтан хуулийн дагуу шаардлагаа тавьдаг. Нөгөө талд нь өөр нэг нөхөр “өө болно шдээ, ингээд болчихдог юм, өмнө нь болоод л байсан юм” гэж бусниулдаг хандлагын зөрүүнээс болоод хөрөнгө оруулагч эргэлзээнд ордог. Бид өөрсдөөсөө том шалтгааныг хайх ёстой, шийдэх ёстой.
-Хөрөнгө оруулалтыг хөтөлдөг, хууль ёсны чиглэл рүү оруулдаг бүтэц байхгүйгээс болоод сайн дураараа аргалдаг хандлага нь хөрөнгө оруулагчийг хохироож байна гэсэн үг үү?
-Манайд хууль зүйн үйл явцыг хамгийн сайн нэвтрүүлсэн салбарын нэг бол төрийн худалдан авах ажиллагаа. Худалдан авах ажиллагааны хууль харьцангуй сайн. Жишээ нь, нэг компани авто зам, барилга байгууламж барих тендерт шалгарлаа гэж бодоход зөвлөх үйлчилгээ нь хамт явдаг. Нийт төсөвт өртгийнх нь тодорхой хувь нь зөвлөх, хяналт тавих үйлчилгээнд зарцуулагдана гээд хуульчилчихсан. Тэр үйлчилгээ нь өглөө бүр ажлыг нь хамт эхлүүлдэг. Суурийг нь зөв тавьж байгаа эсэхийг хянаад үйл ажиллагаанд нь тогтмол зөвлөгөө үзүүлдэг гэсэн үг. Манайд уул уурхайн ийм зөвлөх үйлчилгээ алга. Анх лиценз авснаас эхлээд л ашиглалт дуусах хүртэлх үйл ажиллагааны дарааллыг хууль журмын дагуу тогтоож, аль шатанд юу хийхийг нь зөвлөдөг менежмент дутагдаж байгаагаас алдаанд ордог. Энэ нь урт хугацаандаа аль аль талдаа үл ойлголцол, заримдаа зөрчлийг бий болгоод байна. Тиймээс нийгмийн зөвшөөрөл гэдэг зүйл бий болохгүй байгаа юм. Олон нийт, нийгэм зөвшөөрөхгүй байх үндэс суурийг бий болгоод байна.
Одоо манайд Адуунчулууны уурхай гээд аймгийн төвөөс тавхан км зайд олон арван жил ажиллаж байгаа уурхай байна. Энэ уурхайн хөрс хуулалт графикт хугацаандаа явагддаг. Үүний салхин дор айл олон байгаа. Гэтэл тэд яагаад зөвшөөрдөг юм бэ. Нийгэм яагаад зөвшөөрдөг юм бэ.
Яагаад гэвэл энэ уурхай бидний хэрэглэдэг дулаан, цахилгааныг үйлдвэрлэж байгаа. Бидний аятай тухтай дулаан байранд, гэрэл цахилгаантай байх түлшийг эндээс нийлүүлж байгаа. Хотын дундаар ачааны тэргээр зөөж байна шүү дээ. Энэ орон нутагтаа татвараа төлж байна. Адилхан л уурхай. Тэгвэл яагаад өөр уурхайг зөвшөөрөхгүй байгаа юм. Нийгэм яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ.
Хатуухан хэлэхэд зарим газарт хөрөнгө оруулалт биш цөлмөх ажиллагаа явагдаж байна. Зүгээр баялгийг нь цөлмөөд л гарч байна. Тэнд үе удмаараа амьдарсан Монголын, Дорнодын иргэн нь хэрэгтэй биш газрын доорх баялаг нь л хэрэгтэй байгаад учир буй юм. Тиймээс иргэд эсэргүүцээд байгаа шалтгаан нь энэ юм. Тухайн иргэдийн буруу биш. Нийгмийн зөвшөөрөл авч чадахгүй байгаа үндэслэл нь үүнд л байгаа юм.
-Уул уурхай эрхлэгчид “Нийгмийн зөвшөөрөл” авахын тулд яах ёстой гэж. Нэгдүгээрт, хууль журам мөрдөх ёстой гэж хэллээ. Хуулийг мөрдүүлж болно. Хоёрдугаарт, орон нутаг үр өгөөжтэй байх хэрэгтэй гэж үзэж байна. Хуулиараа орон нутгийн хөгжлийн санд тодорхой хэмжээний хандив, тусламж үзүүлэд явж байгаа. Өөр бусад эрх ашгийг ч бас ил, далд хангаад явдаг нь нууц биш шүү дээ?
-Багануурын уурхай, Эрдэнэт үйлдвэр яагаад зөвшөөрөгдөөд байгаа юм бэ. Эрдэнэтийн уурхай гэхэд дэргэд нь хот байна. Энд яагаад өөр байна вэ гэхээр өмнөх нийгмийн үед нэгдүгээрт хүнээ боддог байсан. Багануурын уурхайг байгуулахдаа эхлээд энд хүн амьдарна. 5000 хүн уурхайд ажиллана гэдгийг тооцоолж тэдний орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвийг нь байгуулж байсан. Одоо яаж байна. Оюутолгой, Тавантолгой, энэ газрын тосны олборлолт. Зүгээр хэдэн сэндвич, чингэлэг аваачиж түр зуур угсраад л түүндээ ажилчдыг амьдруулж байна. Хүнээ дараагийн ээлжинд тавьж байна шүү дээ. Яаран нөгөө баялгаа ухаж аваад л дуусах гэж байна. Миний хувьд газрын тосны инженер мэргэжлийн хүн. Тиймээс олон улсын өнөөдрийн жишиг, өмнөх социалист нийгмийн үеийн сайн зүйлээс жишээ аваад, тэр зарчимд тулгуурлаад хэлэхэд 30, 50, 100 жил, түүнээс дээш жилийн ашиглалтын нөөцтэй том ордуудыг ашиглахаас өмнө хөрөнгө оруулагчдад ажилчдын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, сургууль гэсэн нийгэм, соёлын төв байгуулах ажлыг хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөнд оруулах, тэгээд урт хугацаандаа ашгаа нөхөх нөхцөлийг гэрээнд тусгуулж байх шаардлагатай. Тэгэхгүй бол өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулиар уурхайн ээлжийн хоногийг 14 болгож богиносголоо л гээд баярлаад байгаа боловч энэ бол үнэндээ арга ядсан зохицуулалт юм. Зүй нь тэр уурхайн ажилтан залуу гэр бүлтэйгээ хамт амьдарч, өглөө гэрээсээ ажилдаа очиж, орой нь ажлаа тараад гэртээ ирдэг байх ёстой юм. Яг л Адуунчулуун, Багануур, Эрдэнэтийн уурхай шиг. Уурхайчин залуугийн хүүхэд гэрээсээ цэцэрлэгтээ, эхнэр нь ажилдаа явдаг байх. Чойбалсан хотод тухайн үед Хивсний үйлдвэр яагаад байгуулсан бэ, хонины ноос ихтэйдээ биш эрчүүд олноор ажилладаг Мах комбинат, Силикат тоосгоны үйлдвэр, Адуунчулууны уурхай байгуулсан болохоор ар гэрийг нь ажлын байраар хангах зорилгоор байгуулсан болов уу. Энэ нь газрын доорх баялгийг ашиглаж эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ тухайн бүс нутгийн болон өөр аймаг хотоос ч илгээлтээр ирэх олон залуусын амьдралыг хамтад нь шийдэж байсан. Гэтэл өнөөдөр залуус маань геологич шиг гэрээсээ алс хол хөдөө ажиллаад л. Үнэндээ энэ нь аль XVIII, XIX зууны үзэгдэл юм. Өнөөдөр боломж байна шүү дээ. Канад шиг мөсөн дундах алмазын ордод ажиллаж байгаа биш. Хот байгуулах боломж нь байна. Өнөөдөр эдийн засаг хэцүү байгаа болохоор түрүүлээд олборлоод л явж байвал дараа нь болох байх гэдэг байдлаар яваад байна. Гэтэл тэр бүхний ард нүдэнд харагдахгүй мөртлөө маш олон хохирол учирч байгаад харуусдаг.
-Танай аймагт үүнийг хэрэгжүүлсэн туршлага бий юу?
-Манай аймагт Мэнэнгийн отряд гээд төв суурин байдаггүй ганц отряд байдаг. Тэнд бид аймгийн төсвийн хөрөнгөөр бага сургууль байгуулж өгсөн. Тэнд 30-40 хүүхэд сурч байна. Хүүхдүүд аав ээжийнхээ дэргэд сурдаг болоод бөөн баяр. Тэгэхгүй бол эхнэр нь хүүхдээ аваад аймгийн төвд суудаг байсан. Малчдад тэр бүр дэргэд нь сургууль барьж өгч чадахгүй. Одоо газрын тосны гэрээт 19 дүгээр талбайд бид мөн аймгийн төсвөөр бага сургуулийг 300 сая төгрөгөөр барина. Тэнд ажиллаж байгаа залуусыг гэр бүлтэйгээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эхлэлийг үүгээр тавихыг зорьж байна. Хүүхэд гэр бүл дотроо хайр халамж дунд өсөх ёстой. Үргэлж дотуур байраар амьдрал, хүмүүжил олдог байж болохгүй. Энэ бол хүний амин чухал асуудал учраас уул уурхай дээр ийм шаардлага тавих ёстой гэж боддог. Ихэнхдээ миний хувьд эрх, хэм хэмжээ хүрэхгүй учраас чадахгүй л байна. Анх лиценз олгохдоо хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэдэг шаардлагыг оруулж өгөх ёстой.
Хүний амьдрах, хөгжлийн орчин бүрдэхгүй, орон нутгийн хүмүүст өгөөжөө өгөхгүй байгаагаас болоод түүнчлэн уурхай олборлож буй талд хамаг ашиг шингэж байгааг бүгд харж байгаа учраас иргэд уул уурхайд дургүй байна.
Уул уурхайн тусгай зөвшөөрөл олгохдоо ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Үүн дээр нэмээд Нийгмийн үндэслэл гэдэг зүйлийг оруулах ёстой. Нийгэмд зөвшөөрөгдөх үндэслэл гэдэг үзүүлэлтийг харгалзах ёстой. Төвлөрлийг сааруулах бодлого гэдэг утгаараа ч зөв л бодлого.
-Дорнод аймгийн ДНБ-д уул уурхай хэдэн хувийг эзэлж байна вэ. Таны дэвшүүлж буй саналтай хөрөнгө оруулагчдын эрх ашиг хэр нийцэх бол?
-Аймгийн ДНБ-д аж үйлдвэрийн салбар 50-аас дээш хувийг, үүн дотроо уул уурхай мөн талаас илүү хувийг эзэлж байгаа. Аль ч улс орон хөрөнгө оруулалтыг татаж л хөгждөг. Орон нутаг ч адил. Харин миний хэлээд байгаа зүйл гэвэл хөрөнгө оруулалтыг татахдаа үүнийгээ нийгмийн том хөгжилтэйгөө цуг авч явахгүй болохоор нийгмийн зөвшөөрөл гэдэг зүйл үүсэхгүй, иргэд сэтгэл дундуур үлдээд байгаа юм. Энэ бол урт хугацаандаа хөрөнгө оруулагчиддаа ч өгөөжгүй, иргэддээ ч ашиггүй болчихоод байна. Тэгэхээр бид орон нутгийн гэрээндээ “ажиллах хүчний болон туслан гүйцэтгэх ажлын 80-аас доошгүй хувийг орон нутгаас авах” шаардлагыг оруулдаг.
Орон нутгийн иргэд маань тухайн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад ажилладаг, тэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, туслан гүйцэтгэгч хийдэг байвал бодит өгөөжөө хуваалцаж байгаа харилцан ашигтай хэлбэр болно. Газрын тосны олборлолт дээр гэхэд хөрөнгө оруулагч компани гадаадаас ажилчнаа, туслан гүйцэтгэгчээ дагуулж ирнэ. Хөрөнгө оруулалт гэдэг чинь сонгодог утгаараа хөрөнгөө оруулаад ашгаа аваад явахыг хэлнэ гэж би ойлгодог. Гадаад, дотоодын, орон нутгийн аль нь ч бай. Түүнээс бүх хүнээ, ах дүү, хамаатан саднаа дагуулж ирээд орон нутгийн хүмүүсийн ажиллах боломжийг эзлээд авчихаар л … Хүмүүс уурлаад байдаг нь аргагүй юм. Тэгээд л зөвшөөрөхгүй байгаа хэрэг юм. Хоёрт нь нэг том асуудал байгаа. Нийгэм, соёлын төвөө барихаасаа гадна бараа, бүтээгдэхүүнээ тээвэрлэх авто зам, дэд бүтцээ эхлээд тавих ёстой. Эрдэнэт үйлдвэр, Багануур уурхай гэхэд төмөр замаа эхлээд тавьчихаад дараа нь баяжмалаа, нүүрсээ тээвэрлэж эхэлсэн. Өнөөдөр харамсалтай нь ихэнхдээ яаж байна гэхээр уурхайгаа нээчихээд шороон замаар зөөгөөд л эхэлж байна. Асуудал нь эндээс л болоод байгаа юм. Бүтээгдэхүүн тээвэрлэх зам барих төсвөө хөрөнгө оруулалтын зардалдаа тусгаж батлах ёстой. Харин нэгэнт тухайн компанийн хөрөнгө оруулалтыг оруулаад замыг нь тавиулаад дэд бүтцийг байгуулчихсан бол тэр аж ахуйн нэгжийг тогтвортой ажиллуулах ёстой. Замын дундаас гацааж болохгүй. Тэгэхгүй болохоор нэг л болохгүй л байгаад байгаа юм. Одоо Эрдэнэтийг, Багануурыг хэн ч шүүмжлэхгүй байгаа биз дээ. Уг нь ялгаа байхгүй шүү дээ. Яг хотынхоо хажууд олборлож байгаа.
-Та үүнийг ойлготлоо хэр удсан бэ, хэзээ ойлгосон бэ. Газрын тосны инженер хийж байх үедээ юу эсвэл төрд ажилласнаас хойш уу?
-Миний хувьд энэ саналаа байнга л илэрхийлдэг. Ойлгохын хувьд сүүлд амьдрал дээр гарч ирээд л. Би газрын тосны инженерээр сургуулиа төгсөж ирээд тэр үед Америкийн хөрөнгө оруулалттай Соко гээд компани газрын тосны олборлолт явуулдаг байх үед ажилд орох гээд чадаагүй юм. Манай ангийнхан, дээд, доод ангийнхан ажилд орсон байсан. Сүүлд Засаг дарга болсон хойноо амьдралыг нь туулсан хүний хувьд түмний хүүхдүүдэд тэгш боломж олгох ёстой гэдэг үүднээс ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж тухайн орон нутгаас ажилтнаа ав гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. Харамсалтай нь намайг энэ ажилд томилогдох үед 200 гаруй хүнийг танил тал, арын хаалга гээд янз бүрийн аргаар авчихсан байсан. Дараа нь тэднийг политехник колллежид газрын тосны оператор мэргэжлээр сургана гэсэн. Гэтэл нөгөө талд нь оператор мэргэжлээр төгсчихсөн 200 хүүхэд ажилгүй байж байлаа. Ерөөсөө шударга бус зүйл гэдэг ийм л үр дагавартай. Тиймээс ажлын байраа нээлттэй зарлаад түмний хүүхдэд тэгш боломж л олгочих. Тэгээд шалгуурт нийцсэнээ л ав, заавал орон нутгаас Дорж, Дулмааг ав гэхгүй. Тэгэхгүй бол орон нутгийн иргэдийн нүдэн дээр байгалийн баялаг зөөгөөд байдаг. Иргэдийн амьдрал хэвээрээ, заримынх нь дордоод байдаг. Тэгэхээр үүнд л бухимдаад байгаа юм. Үүнийг шинэ шатанд гаргаж, хөрөнгө оруулагчидаа ч итгэл өгөх хэрэгтэй. Төр, засгийн зүгээс дээрх нөхцөл байдлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ маргаан үргэлжлээд л байх болно.
Орон нутагт бид хөрөнгө оруулалтыг дэмжмээр байна. Ажлын байр гаргамаар байна. Эдийн засгаа эрчимжүүлмээр байна. Гэтэл иргэд зөв л юм хэлээд байгаа шүү дээ. Буруу юм огт хэлээгүй. Энд шороон замаар тээвэр хийгээд байна. Орон нутгийн иргэдийг ажилд авахгүй байна. Туслан гүйцэтгэгч авахгүй байна. Тийм байхад орон нутгийн удирдлагууд тухайн аж ахуйн нэгжийг дэмжих боломжгүй. Тэгэхээр энэ нь шинээр зөв зохистой ажил эхлэх гэж байгаа хүмүүст саад болоод байгаа юм. Урьдны буруу явсан жишиг шинээр эхэлж байгаа хүмүүстээ саад болоод байгаа хэрэг.
-Та хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой гэж байна. Үүнийг татахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтыг яаж татах вэ?
-Бид хөгжих нь тодорхой ч хурдан хөгжих хэрэгтэй байна. Хурдан хөгжихийн тулд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Сингапур их хөрөнгө оруулалт татсан. Маш их боломжийг хөрөнгө оруулагчдад өгсөн. Байгалийн баялаггүй, гэхдээ байршил сайтай л улс. Хамгийн чухал байршилтай газар. Бид тийм ч байршил сайтай биш. Гэхдээ өмнөд хөрш гэж том зах зээл. Энэ зах зээлийг дэлхийн улс орнууд булаацалдаж байгаа шүү дээ. Тэгээд өмнөд хөрштэйгөө их зөв сайхан харилцаатай байх хэрэгтэй.
Дэлхийн бүх улс орон энэ зах зээлд орох гэж, эднийд хамтарсан үйлдвэр байгуулах гэж яаж өрсөлдөж байна вэ. Гэтэл бид энэ том зах зээлийн яг хажууд оршиж байна. Харилцаа сайтай, харилцан ашигтай байж бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг байх хэрэгтэй. Манай борлуулж байгаа зүйл маш бага шүү дээ. Та бод доо. Өмнөд хөршид 300 сая чинээлэг өрх амьдардаг гэж байна. Монголынхоо жишгээр бодвол нэг айл жилд нэг үхэр идшиндээ хэрэглэхэд 300 сая үхэр хэрэгтэй болох нь. Бид гурван сая үхэртэй. Тэгэхээр бид хязгааргүй боломжийн дэргэд байна. Харин бид дотоод нөөц бололцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй.
Шинэ сэргэлтийн бодлого дээр нэг том зорилт дэвшүүлсэн нь манай улс транзит улс болъё гэдэг бодлого. Дамжуулан тээвэрлэдэг улс. Оросоос Европ Азийг холбосон нэг коридор нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд. Нөгөө нь манай зүүн коридор. Энэ нь хамгийн боломжтой нь. Яагаад гэвэл Оросоос Чойбалсан хот хүртэл 240 км төмөр замтай. Эндээс Хөөт зангилаа өртөө хүртэл 193 км өргөн төмөр зам, тэндээс цааш 220 км төмөр зам тавьснаар Хятадтай холбогдох боломжтой болох юм. Үндсэндээ 600 гаруй км төмөр замаар Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон төмөр замын коридор бий болж байна. Энэ нь гурван улсыг холбохоос гадна энэ төмөр замын трассын ойролцоо ашигт малтмалын арвин нөөц бий. Яагаад үүнийг ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрэв гэхээр ердөө л дэд бүтэц байхгүйтэй холбоотой. Ашигт малтмал ямар тохиолдолд олборлоход ашигтай байдаг вэ. Нэгдүгээрт, боомттой ойр байх, нэг бол дэд бүтэц буюу автом зам, төмөр замдаа ойр байхад л ашиг гарна. Өмнөговьд тийм л зүйл болж байна. Төмөр замгүй учраас ачааны машинаар зөөхөөр зардал нь өндөр гарна төмөр зам тавьчихвал зардал нь буурна.
-Таны тооцоолж байгаагаар энэ чиглэлийн төмөр замаас ирэх нийгмийн үр өгөөж нь юу байх вэ. Шууд бус оролцогчид ямар үр өгөөж хүртэх бол?
-Нэгэнт төмөр зам тавих нь тодорхой болчихлоо. Тэгэхээр энэ замын трасс дагуу байгаа газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайн салбарын төслүүдээ зэрэг хөдөлгөх ёстой. Тиймээс олон нийтэд танилцуулах, бэлтгэх нь чухал боллоо гэж үзэж байгаа юм. Хоосон төмөр зам барьчихаж болохгүй. Төмөр замын төсөл ийм хугацаанд, ийм чиглэлээр баригдана. Энэ дагуу ийм боломж гарна гэдгийг танилцуулна. Боломжийг танилцуулж, хөрөнгө оруулалтад уриална. Тиймээс Дорнод аймагт Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг энэ хавартаа багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Манай улс ч тэр, танай аймаг ч тэр тэргүүлэх салбарт хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхайг нэрлэж байна. Энэ гурван салбар нэг нэгэндээ дэмжлэг үзүүлж, нэмүү өртөг үүсгэж байдаг биш, харин ч эсрэгээр харшилдаг, зэрэгцүүлж явахад бэрхшээлтэй салбарууд. Уул уурхай газар дээр, хөдөө аж ахуй мөн л бэлчээр, тариалангийн талбай гээд газар дээр, аялал жуулчлал мөн л байгалийн үзэсгэлэн газар дээр өрнөнө. Тэгэхээр нэг нэгтэйгээ зөрчилддөг гэж үзэж байна. Үүнтэй санал нийлэх үү. Эсвэл харилцан нэгнээ нөхөх, нэмүү өртөг шингээх шийдлийг нь олох уу?
-Газар нутгийн хувьд Монгол Улс өргөн уудам нутагтай. Гол нь аль хэсэгтээ уул уурхай хөгжүүлэх вэ, аль нутагтаа аялал жуулчлал хөгжүүлэх вэ гэдгээ уулын орой дээрээс харж байгаагаараа Засгийн газар л шийдвэрлэнэ. Уулын бэлд байгаа орон нутаг лицензийг олгохгүй учраас хаана зөвшөөрөл олгохыг бид шийдэх боломжгүй байдаг. Эзэн Чингис хааны нутаг буюу түүхэн аялал жуулчлалын бүсэд уул уурхайн зөвшөөрөл олгогдохгүй байх ёстой. Халх голын дайн болсон газар, Буйр нуур орчимд аялал жуулчлал хөгжүүлэх ёстой учраас энэ хавьд олгогдохгүй байх ёстой. Гэтэл яг үнэндээ Гутайн даваа гэхэд Хэнтийн нурууны байгалийн гол тогтоц үзэсгэлэнт газарт уул уурхайн лиценз олгочихсон л байдаг. Уг нь лиценз олгож байгаа газрууд нь Засгийн газрын харьяаны л газрууд. Нэгдсэн журмаар хаана олгох вэ гэдгээ шийдээд л явах хэрэгтэй.
-Дорнод аймгийн хувь гурван салбарыг бүсчлэн хөгжүүлнэ гэвэл болох уу. Сумдаа эдийн засгийн бүсчлэл хуваагаад энэ хэсэгт нь уул уурхай, энэ хэсэгт хөдөө аж ахуй газар тариалан гэх зэргээр хуваавал?
-Уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олголтыг хуулиараа орон нутаг хянаж чадахгүй болчихоод байна. Энд тэндгүй лиценз олгочихсон байгаа. Манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн бараг гуравны нэг нь газрын тосны хайгуулын талбайгаар зарлагдсан байна. Ашиглах талбай нь үүнээс бага байж болно. Биднээс орон нутгаас санал авдаг байсныг больсон. Сүүлийн үед шууд дуудлага худалдаагаар лиценз олгодог болчихоод байгаа. Би үүнийг буруу чиглэл рүү явж байна гэж үздэг. Гэхдээ аймгийн Засаг даргын хувьд төр, засгаа шүүмжлээд байх нь зохисгүй.
Шинэ сэргэлтийн бодлого дээр уг нь зөв тусгасан. Аливаа бодлого дээр уг нь зөв тусгачихаад байдаг боловч харамсалтай нь хэрэгжүүлдэггүй. Шинэ сэргэлтийн бодлого дээр жишээ нь юу гэж заасан байна вэ гэхээр үндэсний геологийн байгууллага ашигт малтмалын нөөцүүдийг судалж тогтооно гээд заачихсан байгаа. Энэ бол хамгийн зөв. Концепци бол ердөө энэ.
Тэдэн сая, тэдэн тэрбум төгрөгөөр лицензийг дуудлагаар худалдаад, улсын төсөвт орлого оруулж байна. Тэгэхээр ямар нэг компани мөнгөө төлөөд тэр лицензийг авчихдаг. Улс мөнгийг нь аваад нэгэнт зөвшөөрөл өгчихсөн юм чинь дараа нь яах юм бэ. Нөгөө компани хайгуул хийгээд дараа нь ашиглалт явуулах үед болох, болохгүй янз бүрийн асуудал үүсээд байгаа юм. Зүй нь манайд социализмын үед байсан, бусад улс оронд одоо ч байгаа үндэсний геологийн алба нь судлаад нөөцийг тогтоогоод шаардлагатайг нь ашиглалтад шилжүүлдэг байх ёстой. Байгальд сөрөг нөлөөлөл ихтэй мөн нөөц нь тийм ч хангалттай биш үр ашиг багатай бол ашиглахгүй орхиж болно. Нэгэнт улсын төсвөөр хайгуул хийсэн юм чинь хайгуул хийсний дараа ашиглахгүй орхичихож болно гэсэн үг.
Нөөцөө бүрдүүлэх нь төрийн үүрэг. Том хэмжээний нөөцтэй, олон арван, олон зуун жил ашиглах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй нөөц дээр бол ёстой хувийн хэвшилд өндөр үнэтэйгээр өгч болно. Тэгэхгүй бол одоо юу нь мэдэгдэхгүй яваад байна. Төр өөрөө нөөцөө мэдэж байгаа тохиолдолд таны хэлдгээр бүсчлэлээ хийнэ шүү дээ. Энэ бүсэд уул уурхайгаа хөгжүүлье, энэ хэсэгт больё гэх ёстой. Тэгэхгүйгээс болоод бодлого, удирдлагыг гартаа авч чадахгүй байна. Хянаж чадахгүй байна. Өнөөдөр мөнгө хэрэгтэй гээд өнөө, маргаашийн асуудлаа бодоод тав, арван цаасаар хэдэн лиценз худалдчихдаг байдлаар л явж байна. Энэ маш буруу. Яг энэ хэдэн гол асуудал, саадыг арилгах бодлогыг шийдүүлэх ёстой. Тэгж байж ирээдүй хойч үедээ баялгаа , хөгжлийг ч үлдээж чадна?
-Дорнод аймагт ирчихээд Засаг даргаас газрын тосны талаар асуухгүй гарвал уншигчдад загнуулна.
-Монголын нийт газрын тосны олборлолтын 95 хувь нь Дорнод аймгийн нутгаас, Дорноговь аймгаас таван хувь буюу жилд 50 мянган тонныг олборлодог. Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутгаас 800 мянгаас нэг сая тонн тос жилдээ олборлож байна. Манай улсын шингэн шатахууны хэрэглээ 1.5 -2 сая тонн. Үүний 50-60 хувийг хангахуйц хэмжээний түүхий эдийг олборлож байна гэсэн үг. Тамсагийн тал бол ашиглалтын баталгаат нөөц нь 40 сая тонн гэж үзэж байгаа. Одоогийн хүчин чадлаар бол цаана нь 20-оод жилийн нөөц үлдээд байгаа. Одоогийн тогтоосон нөөцөөр шүү дээ. Нэмж нөөц тогтоох боломжтой гэсэн үг.
-Бас л нийгмийн зөвшөөрөл авч чадахгүй байгаа нэг салбар. Нийгэмд өгч буй үр өгөөж тааруу?
-Анхнаасаа бүтээгдэхүүн хуваах гэрээг Монголд ашиггүй байгуулсан. Хууль тогтоомж хэрэгжүүлэх чиглэлээр манай Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хангалтгүй ажилладаг. Бидэнтэй адилхан хэмжээнд нэг долгион дээр шаардлагаа тавьж чадахгүй байна гэсэн үг. Том компани шүү дээ. Толгой компани нь дэлхийд тэргүүлэх компаниудын нэг.
Аймгийн Хурал, Засаг даргаас энэ компанийн удирдлагадад шаардлага тавьдаг. Та нар Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа яг ийм байдлаар хууль тогтоомж зөрчиж, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах үүргээ биелүүлэхгүй ажиллаж чадахгүй биз дээ гэж асуудаг. Хэзээ ч чадахгүй. Хятадад хууль тогтоомж чанга, хатуу. Тэр байтугай ашиггүй жижиг уурхайнуудаа хааж эхэлж байна. Энэ үр өгөөжгүй байна гээд. Аймгийн Засаг даргаас өргөдөл гаргаж тус компанийн захирлыг нь хуулийн байгууллагад өгсөн. Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан гэдэг үндэслэлээр. Монгол Улсын хууль, тогтоомж мөрдөх үүрэг нь, төсөв хөрөнгө зарцуулах эрх нь тухайн компанийг удирдаж байгаа захиралд л байгаа.
-Хятадууд үр ашиггүй гээд зарим жижиг уурхайгаа хаасан гэлээ. Эрчим хүчний эх үүсвэрээ дараагийн шатанд шилжүүлэх, ногоон эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлэхэд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс байгаа. Үүгээрээ дэлхийд тэргүүлж байна. Эрчим хүчний эх үүсвэрээ солиод нүүрсийг хэрэглээнээс мөдхөн шахах байх?
-Дэлхийн байгаль орчны байгууллагууд шахалт үзүүлж байгаа. Манайхан “удахгүй хүрэн нүүрс хэрэглэгдэхээ болих юм байна. Түүнээс өмнө яг хэрэгцээтэй үед нь амжиж борлуулъя” гэдэг асуудлыг гаргаж тавьж байгаа.
Хятадын зах зээлд нүүрсээ борлуулахын тулд Австрали, Индонез, Оросоос эхлээд бүгд л чармайж байна. Бид ч энэ үед нийлүүлэх нь зөв. Харин нүүрсээ гаргаж зарж болно. Энэ олсон мөнгөөрөө хүнээ хөгжүүлээд суурь дэд бүтцээ хийгээд энэ мөнгөөр нь ирээдүй хойч үед маань гоё төмөр замтай, сайхан сургууль, цэцэрлэгтэй хөгжлийн орчин үлдээж байвал болохгүй юм байхгүй. Үүнийг нийгмийн зөвшөөрөл гэж хэлээд байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар Дорнод аймгаас нүүрс экспортолж байгаа аж ахуйн нэгж бий юу?
-Одоо нүүрс гаргаж байгаа орд байхгүй. Уг нь Хөөт гээд төмөр замын зангилаа байгуулахаар төлөвлөсөн стратегийн орд байна. Одоо нүрсээ экспортод гаргаж чадахгүй байна. Тээвэр логистик хөгжөөгүй. Сая цар тахлын үед юунаас болж бараа бүтээгдэхүүн хомстож үнэ өссөн юм бэ. Нэгдүгээрт, хязгаарлалтын дэглэм, хоёрдугаарт, тээвэр логистикийн асуудал. Бид бэлэн биш байсан. Хүний оролцоогүйгээр чингэлгийг кранаар зөөдөг байх. Мөн төмөр замын тээвэр бол машинист л цуваагаа чирээд хилээр гарна. Автомашин бол тус бүр жолоочтой байна. Энэ вирус хүний биед тээгдэж явдаг. Тиймээс манай тээвэр логистикийн асуудал бидний хөгжлийн хүчин зүйлийг хязгаарлаж байгаа хамгийн том асуудлын нэг мөн. Тиймээс тээвэр логистикийг хөгжүүлэх ёстой. Нүүрсээ экспортод гаргах ёстой. Адуунчулууны уурхай нүүрсээ экспортод гаргахаар судалж байгаа. Олон жилийн өмнө Орос руу гаргаж байсан үе бий. Хөөтийн уурхай урагшаа гаргаж байсан. Одоогоор түр зогссон. Хятадын зүүн хойд, хойд мужууд байна. Эрчим хүчний дутагдалтай гэж байгаа.
Дээр нь Зүүн Хойд Ази гэдэг чинь Хятад, Солонгос, Япон. Манай аймагт гурвалжин будаа тариалаад Японы зах зээлд гаргаж байгаа компани байна. Захиалгаар. Яагаад энд ургаж байна гэхээр Дорнод аймаг нь баруун, төвийн бүсийг бодвол дулаахан. Бараг нэг сарын өмнө дулаан орж хавар болдог. Зун нь нэг сар илүү үргэлжилдэг онцлогтой. Ногоон говь ч гэж нэрлэж болохоор. Зүүн Хойд Азид хэрэгцээтэй хүнс тариалахад илүү боломжтой байна. Адил төстэй уур амьсгалтай учир хөдөө аж ахуйн хувьд ийм боломж байна гэж үзэж байна. Цаана нь хэрэглэгчид нь байна.
-Дорнод аймгийн хөрөнгө оруулалтын чуулганыг хийхээр төлөвлөж байгаа. Энэ чуулганы гол зорилго юу байх вэ?
-Дорнодод үүсэж байгаа эрчим хүч, тээвэр логистикийн ийм боломжуудыг танилцуулна. Харин хөрөнгө оруулагчдаас бидний шаардах зүйл гэвэл хөрөнгө оруулбал ажиллах хүчин, хүний нөөц, туслан гүйцэтгэх компаниудыг орон нутгаас аваачээ. Бид хууль эрх зүйн хүрээнд бүх тусламж, дэмжлэгийг үзүүлнэ. Бид иргэндээ ойлгуулъя. Ард иргэдээс нийгмийн зөвшөөрлийг хамтдаа авъя. Тэгэхийн тулд та бүхэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Цөлмөх биш хамтдаа хөгжье гэдэг саналыг тавина.
Бид зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй. Зах зээлд шилжээд бизнес эрхэлсэн хүн хоёрдугаар үедээ буюу хүүхдэдээ шилжүүлэх үйл явц дөнгөж эхэлж байгаа. Тэгэхээр эдийн засаг, бизнесийн салбар дөнгөж нялхаараа байна. Өнөөдрийн энэ бүх хүндрэлийг хамгийн богино хугацаанд, хамгийн эрсдэл багатайгаар даван туулах хэрэгтэй байна.
Өөдрөгөөр харъя. Сайхан тайван, ямар нэг мөргөлдөөн байхгүй, байгалийн гамшиггүй, унаган төрхөөрөө ийм сайхан нутагт хөгжил ирнэ. Манай Дорнод сайхан сэргэж байна. Иргэд маань хувийн аж ахуйтай, мал ахуйтай, машин унаатай болж байна. Мал гэхэд гурван сая толгой давлаа. Саяхан нэг сая хүрэхгүй байсан. Сүүлийн хэдэн жил гурав дахин өсчихлөө. Эдийн засаг бас өсөж байна. Хүмүүст хөгжих хэрэгцээ их байна. Тиймээс иргэдийн зүгээс төрөөсөө улам ихийг хүснэ. Төр, засгаа улам их шүүмжлэх болно. Төрийн албан тушаалтан бүр үүнийг хүлээн авч, ёс зүйг дээдэлж, илүү их зүтгэх ёстой болно.